Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, March 12, 2007

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан ...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг ...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!


Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай!

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй! ...

Уур омог урин мунхагийг мартаж
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг
болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай! ...

Цорын ганц хүү минь, бас охин минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай ...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү! ...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно,
чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно,
чи!
Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм ...

Эхийн сэтгэл

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй ээ
Сайл сүүндээ дэвэлзэж явсан ч санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Саринах бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юм аа
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Аражаваар дуулаж байна лээ
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л эжийдээ
Алдар чинь юм шүү дээ

Sunday, March 11, 2007

Гунигийг март

Яасан? Гуниглаал байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм ш дээ
Ийм цагт сайн хүмүүс олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүмүүс зөндөө л дөө

ХОРШОО ДЭРЭМ

Шар хамба шиг толгод зээглэсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан
Дэлхий үнэрлэсэн хяруунаар дүнсээ угзруут алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар Өглөө Дэрэм гурав насаараа ингэж л учирсан
Цэцэн вангийн хошууны хүний ганц хүү юм гэнэлээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэ лээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэлээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөө гомдсон юм гэнэ лээ

Saturday, March 10, 2007

Миний хүн санаа

Миний хүн санаа арван таван настай эхэлсэн юм
Уриагүй нарийн хатавчинд итгэлээ сандаалан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амны зүвэйн сонсож
Хүн хүнээс хулмаганан амрагын дуу чагналаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айрагны бидэрлүү хушуугаа хурдан дүрлээ
Намрын айраганд дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар ууцаар хүртэл жирвэлзэнэ
Нурмаагийн нүдээс ичсэн харц минь доошоо
Нуугдас хийгээд чагнасан амрагийн дуу дээшээ
Ичээд байгаа хирнээ догдлон сууж хоргодмоор
Эзгүй хээр газар ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийнээ жаргасан ч гэртээ яаралгүй харимаар санагддаг байлаа
Тийм шүү хүн, хүн санаа төвхөнсөн бага насаа яасан мартаж чаддагүй юм бэ?

Р.ЧОЙНОМ-ЖАРГАЛ ЗОВЛОН

Цагаа олж төрөөгүй
Цагаач шиг төрсөн
Энэ заримдаг үеийхэн
Эцээхэн жаргаж үзээгүй байх гэж
Бидний тухай та нар минь
Битгий эндүүрч бодоорой

Өнгөрсөн хойно ойлгож
Өрөвдөж битгий ядаарай
Хамаг насаараа бид
Хангалуун жаргаагүй ч гэсэн
Зарим үеийхэн шиг тэгэж
Залхатлаа цэнгээгүй ч гэсэн
Ажлийн хүрэм шиг тоодгорхон
Аз жаргалыг амссан
Амссан жаргалаа чамлаагүй
Ахиад цааш нь горидоогүй
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт
Жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд
Хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхий юуг хэлдэг юм болоо
Хүндтэй тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Friday, March 9, 2007

Чадах хэрнээ чаддаггүй зүйл гэж үү?


Хэзээ ч юм хэн нэгний бичсэн зүйлийг өөрийн эрхгүй копидоод энэ муу компютертоо хадгалчихсан байх юм. Хуучин блогтоо л бас оруулчиж байсан юм шиг байна. Ахиад нэг нухацтай уншлаа. Тэгээд та хэддээ бас сонирхуулий ч гэж бодлоо.Ингэж байгаа юм "Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ." гэж шүү.

Эхэнд...


За тэхээр үргэлжилж буй энэ амьдралын тэр нэг хэсгийн төгсгөл бас нэг шинэ эхлэлийн тэргүүнд энэхүү блогоороо зөвхөн өөрөө өөртөө бэлэг барихаар шийдсэн бөлгөө.