Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, July 25, 2015

С.Буяннэмэх - Их Тэнгэрийн Дүлий

Ямар золиг шиг нөж нь ингэж угласан юм. Шатны дуудай нь ингэж мултардгийг би ер үзээгүй. Харин хүн явсандаа сайн боллоо. Хэрэв ачаа ачсан бол хаягдах биш үү гэж хараал ерөөл тавилцаж тэндээн бууцгааж мөнөөх Тэмээний хом шатыг засаж дуудай хэрээг нь чангалан засаж байв. Тэдний дэргэдүүр маш ойрохон өнгөрсөн нэгэн их зам урагш хөндөлдөн мяралзаж хязгааргүй говьд тэсвэргүй одсон харагдана. Бас энд тэнд харгана бут багширан ургаад, аргал заргал зөндөө хэвтэнэ. Сүхэндэй хазааний тэмээ унаад явахыг завдтал гэнэт мөнөөх халцгай Гочиг хараал тавиад унав. Бусад нь мөн л гайхаж бас ямар юм мултарч шавтарсан юм бол гэлцэн буцаж ирэхэд халцгай Гончиг хэлрүүн. - Та нэр чинь хаашаа нөж шиг хүмүүс вэ. Аль өглөө гараад одоо үд өнгөртөл ер нэг тэмээ малаа амруулахыг бодохгүй ямар үхсэндээ яарсан юм. Энд буугаад тэмээгээ бага идүүлж цай уулцаад оройн сэрүүнд аятай явбал тэмээ малд тустай биш үү гэхэд бусад нь даруй зөвшөөрч тэндээ буулцан тэмээ ачааг буулгаж, тогоо шанага гаргалцан, аяга шанага хангинуулж, аргал шаваг түүлцэх, ус зус авчирах гэлцэн гурвуулан гурван тийш яаран гарч одов. Донсуй Түвдэн гэгч нь заавал хуурай аргал олж түлэх гэж дэмий тэнэсээр хөндлөн хөрөгдөгч их зам дээр хүрч энэ замаар чухам юу явсан байдаг бол гэж ажиглан үзвэл ер жигтэйхэн жигтэйхэн угалзтай хээтэй жирэвгэр түрэвгэр зүйл бүрийн уран хэвтай мөрүүд гарсан байхад их л сонирхож гайхаж энэ нь чухам ямар юмны мөр болохыг бодож олохгүй зогсож байтал гэв гэнэт түүний нүдэнд нэгэн том бөндгөр юм ам дээр хэвтэж байв. Донсуй Түвдэн ир л гайхаж алгуур алгуур алхасаар очив. Үзвэл нэгэн хожгор шар тос ажээ. Досуй Түвдэн, ихэд баярлаж яаран очиж авах гэсэн боловч бас л гэдрэг болоод дотроо бодруун. Үгүй энэ ер үхсэн хүний юм байж магадгүй гэж сэжиглээд авалгүй ийш тийш харвал харин Сүрэндай түүний дэргэд маш ойрхон шаваг түүж явна. Донсуй Түвдэн баруун гараа өргөж даллан дуудаж - Хүүе нааш ир, нааш ир! Энд сонин юм байна, сонин юм байна.
Сүхэндэй түүнийг сонсоод яаран хүрч ирээд чи юунд намайг дуудав. Юу болсон бэ, тэмээ явчив уу гэж байв. Донсуй Түвдэн үгүй чи үз гэж тэр бөндгөр юмыг хуруугаар зааж энэ хосгор шар тос хэвтэж байна биш үү гэв. Сүхэндэй үзээд хүүе тийм байна. Чи тэгээд авахгүй юу хийж байгаа юм? Донсуй Түвдэн би харин авах гэснээ сэжиглээд чамайг дуудсан юм гэв. Сүхэндэй ундууцаж юунд сэжиглэсэн юм, авалгүй яах вэ гээд мөнөөх хожгор шар тосыг яаран очиж шүүрэн авч үзвэл харин маш хөнгөн бөгөөд дотор нь юу ч үгүй хөндий сав шиг байв. Хоёулан ихэд гайхаж ямар юм гэгчийг мэдэлгүй юу ч атугай хагалж үзье гэж нөгөө нь хутгыг гаргаж нэгэн этгээдээс зүсэж үзвэл дотороо маш зөөлөн сэвсгэр юмаар бүрэлдэн бүтсэн ер нэгэн мөөг мэт ургамалын зүйл байв. Хоёулан гайхаж ядаад учрыг олсонгүй нөгөө халцгай Гончигтоо үзүүлэх гэж авч ирэв. Тэр хоёр аянчин сонин жигтэй юмаа тэвэрсээр бас л арзайтал инээлцсээр хүрч ирэв. Ногоо халцгай Гочиг хэзээний хүрч ирээд галаа ноцоож ихэд хараал зүхэл тавьж суутал энэ хоёрыг үзээд бас барьсан юмыг нь их л гайхан гөлөрч та хоёр ийн удтал хаа ямар үхсэн хатсанаа түүж яваа юм гэв. Сүхэндэй инээн хэлрүүн -Чи мэдэхгүй байна, бид  хоёр ийм удтал явахдаа хожгор шар тос гэж хууртаж байтал адагт харин танихгүй юм болж бүр ядахдаа авч ирэв. Мань хуучин хүн чи үз дээ гэж мөнөөх бөндгөр юмаа өгч орхив. Халцгай Гочиг хүлээн аваад эргүүлэн тойруулан үзэж үзээд, яаран дээлээ тайлж байв. Нөгөө хоёр их л гайхан харж байтал цамцаа тайлаад тэр юмыг цамцандаа хумьж хойт талд тавиад амандаа нэг юм ярьж бас л хараал тавих санаатай энэ хоёрыг муухай харж байна. Донсуй Түвдэн түүний байдлыг харж тэсэж ядан инээдэм алдаж байхад халцгай Гочиг уур нь шүлстэйгээ цуг пурхийж ямар үхсан хатсандаа инээсэн золигнууд вэ. Ийм чухаг зүйлийг олсон атлаа заяа муутай золигнууд бүхлээр нь надад авчирч үзүүлэхгүй, харин хагалж эвдсэн ямар муу ёрын нүгэлтэй золигнууд вэ гэж дахин дахин хараана. Халцгай Гончигийн хараалч нь угаас нэртэй тул нөгөө хоср нь түүний хараахыг ер юмны төдий бодохгүй бөгөөд харин түүний хэлсэн чухал эрдэнэ гэсэн юм юу болохыг асуух гэж Сүхэндэй ийн хэлрүүн - За яршиг даа хараал тавих юу вэ? Харин энэ юмыг таних бол учрыг бид хоёрт хэлж аль гэв. Халцгай Гочиг хэдийгээр хараалч муу зантай боловч хариуцах хүн гарвал нугаран нь нь маш зөөлөн ажээ. Сүхэндэйн тэрхүү асуултыг сонсоод даруй эелдэг царай гарган хэлрүүн.
- Ай та хоёр юу ч үзэж, юу ч сонсоогүй даанч тэнэг мунхагийн туйл болсон хүмүүс байна. Энэ хэмээгч туйлын чухал эрдэнийн зүйл болой. Үүний нэр нь их тэнгэрийн дүлий гэдэг болно. Үүнийг олж тахьсан ямарваа хүмүүс буяны дээд, баяны зузааныг эдэлж, хэсэн жаргах, үр ач дэлгэрч дээдийн мөрийг олох сайн заяатай болдог болой гэв. Нөгөө хоёр нь түүнийг сонсоод цөм гайхалцан нан ялангуяа Донсуй Түвдэний харам сэтгэл нь хөдөлж яаран ийн хэлрүүн - Тийм бол энэ чинь үнэхээр эрдэнэ юм уу? Халцгай Гончиг даруй нүдээ том болгож их дуу гарган - Чи, ямар хүний үг мэддэггүй монш вэ. Энэ нь их тэнгэрийн дүлий хэмээгч эрдэнэ болой хэмээн би хэлж байгаа биш үү гэв. Донсуй Түвдэн тийн бол үүнийг анх олоход Түвдэн би олсон юм. Энэ одоо минийх болох юм байна гэтэл халцгай Гончиг болон харайж уурлан зандарч - Ямар зөнөг золиг вэ. Нэг замаар гурвуулан яваа атлаа харин чи ганцаар эзэрхэх буюу. Чи анх олсон хэмээвч би анх таньсан биш үү. Юу ч атугай гурвуулан хэм тэгш хуваана гэв. Нөгөө Сүхэндэй нь учрыг сайн олоогүй бас л  гайхсан бөгөөд ийм асууруун. - За нөхөд энэхүү ялимгүй юм дээр бүү тэмцэлдье. Хэн ч авсан яах вэ, би түүнээс авъя гэж санахгүй. Гагцхүү миний гайхах нь энэхүү юмыг тэнгэрийн дүлий гэхэд итгэхгүй байна. Миний үзсэн тэнгэрийн дүлий бол шувууны өндөг шиг юм байдаг бөгөөд бүр томдоо алганы амсраас томгүй байдаг болой. Гэтэл ийм том тэнгэрийн дүлийн хаанаас гарч халцгай зам дээр ургадаг билээ. Тэр нь нэг сэжигтэй хэрэг шиг санагдана. Гатал халцгай Гончиг хажуу талаас ундууцаж хэлрүүн - Харин би чамд хэлж байна шүү. Чиний үзсэн тэнгэрийн дүлийн бол бага тэнгэрийн дүлий гэдэг юм. Энэ бол их тэнгэрийн дүлий гэдэг бөгөөд халцгай зам дээр байтугай хавцал хадан дээр ч ургаж болно. Ийм том тэнгэрийн дүлий тэр бүр байдаггүй учир олддог ч үгүй юм. Хэрэв олдвол чухал эрдэнэ мөн болой. Харин бид гуравын заяа сайн тул ийм юмтай тохиолдов гэв. 
За юу ч атугай нутаг орондоо харьж болъё гэлцэн мөнөөх их тэнгэрийн дүлийгээ аятай сайхнаар ороон замын турш түүний эрдэм чадлыг ярилцан ярилцсаар нэгэн өдөр нутаг орондоо хүрч ирээд амар мэнд сайн сайхан явсан сууснаа ярилцахын нөгөөтэйгүүр их тэнгэрийн дүлий гэгч гайхамшигтай эрдэнэ олсноо ярилцаж, уул эрдэнийг хүмүүст үзүүлэхэд нэг ч хүн үл таньж, бишрэн гайхаж, тэндээс аргагүй тэрхүү анх олсон Донсуй Түвдэнгийн гарт залж хадаг яндар самбай тэргүүтнээр ороон бусдад үзүүлэхгүй бурханчилан тавив. Удалгүй түүний нэр алдаг чимээ цуурхал нь хол ойрт дуурсаад хол ойрын ах дүү айл аймаг цөмөөр ирж мөргөж шүтэх ба бай байсаар эргэл мөргөл, тахил тавилга хэмээн олон ардууд өөр өөрсдийн сайн сүсгийн үүднээс эд мал хөрөнгө зоорио өгсөөр Донсуй Түвдэнгийн гэр үнэхээр тэр эрдэнийн хүчээр баяжиж, харин явсаар тэрхүү эрдэнэ нь ханиад томуу, өвчин эмгэгтэй хүмүүс өргөл үйлдвэл аяндаа эдгэж арилдаг агуу их ради шид чадал, эрдэм гайхамшигтай байна гэж нэн их нэр сүр алдаршжээ. Тэндээс нэгэн өдөр тэдний айл дээр улсын төв нийслэлээс албаны чухал үүргээр томилогдон гарсан нэгэн төлөөлөгч хүн ирж буугаад нутгийн ардуудыг хуралдуулан сумын сонгуулийг явуулах ийм ажлын төлөвлөгөөтэй ажээ. Тэрхүү төлөөлөгчийн буусан айл нь Сүхэндэйн гэр ажээ. Орой болж төлөөлөгч хоол ундаа идэж уух гэж өөрийн богц савнаас нэгэн бөндгөр цагаан талх гаргаж ирээд ширээн дээр тавив. Сүхэндэйн эхнэр Дарьсүрэн гэгч гэнэт түүнийг үзээд дуу алдаж хэлрүүн - Эрхэм гуай та энэ чухал эрдэнийг юунд ийм муухай ширээн дээр тавив. Дээш бурхан дээр залах уу гэв. Нөгөө төлөөлөгч түүний хэлэхийг сонсоод дотороо гайхсан боловч бас идээ ундааны зүйлийг энэ газрын хүмүүс эрдэнэ гэж үгүүлдэг буй заа, тэр нь бас зүйтэй юм даа гэж гайхаад ийн хэлрүүн:
 За яах вэ, зүгээр таны хүндлэх зөв, үнэхээр манай Монголын мал хөрөнгө бол цөм ийм чухаг эрдэнэ мөн болой. Та бүхэнд мал хөрөнгөө туйлын чухал эрдэнэ мэтээр хайрлаж хамгаалж өсгөж үржүүлбэл чухамхүү манай улсын хөгжиж мандах нь түүнд байна гэж бид нар туйлын чухалчлан санана гэв. Дарьсүрэн түүний хэлж байгаа үгийг бас л төдий ухаж мэдсэнгүй. Гагцхүү түүний нүдэнд тэрхүү чухаг эрдэнэ болох их тэнгэрийн дүлий хайрлалтай харагдаж яаран бас ийн хэлрүүн. - Энэхүү чухаг эрдэнийг хаанаас олов, ядахдаа бид нэг хадаг баривал болох уу гэв. Тэр төлөөлөгч дотроо бас л гайхаж энэ эхнэр эсвэл идээ ундааны зүйлд ийм их сүсэг бишрэлтэй юм уу, эсвэл бага зэрэг хий өвчтэй юм уу гэж учир олохгүй боловч түүний асуусанд үнэхээр хариулахыг бодож ийн хэлрүүн:
- Энэ миний идэж яваа талх болой. Ер нь энд тэндээс олсон юм бус. Улаанбаатар хотоос гарахдаа авч гарсан юм. Та юунд ийм хүндэтгэн үздэг вэ? гэв. 
Тэр эхнэр түүний хэлсэн үг дотроос иддэг юм гэхийг сонор тэмдэглэж - Юу гэнээ та? Иддэг юм гэнээ гэж. Тийм тийм иддэг юм. Танай энэ газарт үүнийг үзээгүй юу гэв. Эхнэр ихэд сонирхож: Ээ тийм үү, юутай жигтэй вэ. Энэ нь ургадаг, тарьдаг, хийдэг юм уу гэв. Төлөөлөгч түүнийг сонсоод ихэд инээн тэр эхнэрт талх хийдэг учруудыг тоочин цагаан гурилыг хэрхэн зуураад, хэрхэн халуун зууханд хийгээд, хэрхэн болгож, хэрхэн иддэгийг ярьж өгөв. Эхнэр тэр учрыг бүрэн мэдсэний хойно бас л сэжиг нь алдраагүй сонин юм даа гэж дахин дахин гайхна. Төлөөлөгч асууруун - Юунд та энэ талхыг ийм ихээр гайхна. Эхнэр хэлрүүн - Үгүй би таныг талхыг иддэг юм гэхэд ихэд гайхав. Учир нь үүний урьд манай айлын нэгэн хүн жингээр явж замын зуураас их тэнгэрийн дүлий гэдэг нэг эрдэнийн зүйлийг олж түүнийг эдүүгээ манай айл хотоор шүтдэг болой. Гэтэл тэрхүү тэнгэрийн дүлий бол таны энэ идэгч юмтай ер ихэд адилхан бололтой тул гайхна гэв. Төлөөлөгч түүнийг сонсоод үгүй тийм бол тэр нь мөн ийм талх байлгүй дээ гэв. Үгүй, тэр нь арай талх бус буй заа. Юу гэвэл эрдэнийг олсон айл эдүүгээ баяжсан бөгөөд тэр ч байтугай тэр эрдэнэд мөргөсөн тахьсан хүмүүс цөм өвчин зовлонгоос гэтэлдэг, ийм чадалтай болой гэв. Төлөөлөгч түүнийг сонсоод бас нэг зэрэг уул учир түүхийг асууж үзвэл ер зам дээр гээгдсэн талх олсноос зайлшгүй тул ийн хэлэв. Би таны хэлж байгаа байдлыг үзвэл тэр нь заавал талх болов уу гэж санана. Юу гэвэл их тэнгэрийн дүлий гэгч ер байдаггүй, мөн байвч тэнгэрийн дүлий нь ургамалын зүйл тул ямар эрдэнэ гэж үнэлэгдэх аж. Харин та бүхэн түүнийг урьд хожид үзээгүй сонсоогүйн харгайгаар тийнхүү эндүүрэн шүтэж тэгж шүтсэний улмаас олон түмний өргөл барьцаар тэр айл баяжиж бас хүний сүсэг санааны харгайгаар зарим хөнгөн шингэн өвчнийг эдгэв гэж санаж тийнхүү гэнэдэж яваагаас өөр юмгүй гэв. Дарьсүрэн харин хэн мэдэх вэ дээ. Таны хэлдэг ба хэрэглэж яваа зүйл нь мөнөөх тэнгэрийн дүлийтэй ер адил шахуу юм байна. Бас тэр айл түүнийг чухаг эрдэнэ мэт тахьдаг тул хэн хүнд хамаагүй үзүүлдэггүй болов. Хэрэв танд үзүүлэхгүй гэвэл хэрхэх вэ? Төлөөлөгч түүнийг сонсоод бас ч дотроо бодож үзвэл эдний энэ битүү мухар хэргийг шууд халдан нээгдүүлэх гэвэл болохгүй тул дахин дахин бодож байтал гэнэт нэгэн арга санагдаж төдий ийн хэлрүүн - Тийм бол тэр нь мөн хялбар байна. Та гагцхүү надтай ярилцасан үгээ цаал алдаршуул. Харин миний авч яваа энэ тэнгэрийн дүлийг сайтар хадаг самбайнд баглаж бурхан дээрээ тавь гэв. Эхнэр түүнийг сонсоод бас мөнөөх талхаа их тэнгэрийн дүлий мэт тахь гэхэд бүр ч гайхаж саяхан энэ хүн иддэг талх гэх атлаа бас яахан тэнгэрийн дүлий болсон юм бол, эсвэл намайг мэхэлсэн юм болов уу гэж сэжиглэж учрыг чухам олохгүй болж арга буюу түүний хэлсэн ёсоор харин ч дуртайгаар хадаг самбайгаар ороож тавив. 
Төлөөлөгч хэлрүүн - За та энэ хавийн айл хэсэж умар зүгээс чухамхүү үнэн тэнгэрийн дүлий олсон нэгэн гайхамшиг хүн манай гэрт өөд болон ирээд байна гэж хэлж зарлан тараа гэв. Мөнөөх эхнэр тэдгээр сонин үгийг сонсож дотор нь харин ч сайхан санагдаж тийм битүү ёгт сүсэг бишрэл төрүүлдэг үг үгүүллийг тараахдаа ч туйлын дуртай идэвх чадвартай хүмүүсүүд байдаг тул за гэж нэг үгийг төлөөлөгчийн өмнө хүлээгээд ханцуй бүчийг сажаад гарах нь харагдсан билээ. Харин тийм удаагүй тэр хавийн айл аймгийн шар хар, эр эм олон янзын хүмүүс эдний гэрт багтахгүйгээр цуглаж мөнөөх тэнгэрийн дүлийтэй ирсэн гайхамшигт хүнийг үзэх гэж хуралджээ. 
  Умар зүгээс чухамхүү үнэн тэнгэрийн дүлийг авчирсан гайхамшиг хүн гэгдсэн мөнөөх төлөөлөгч ийнхүү зарлиг болруун - За хуралддсан олон бүхэнд миний бие тусгайлан ухуулан сэнхрүүлэх нэгэн зүйлийн чухал их учир утга байна. Юу гэвэл миний бие бол умар зүгийн чухамхүү үнэн тэнгэрийн дүлийг олж та бүхэнд хүргэж ирсэн бөгөөд тэр жилийн гурван сарын долооны өдөр Замын Үүд гэдэг их зам дээрээс Гончиг, Сүхэндэй, Түвдэн нарын олсон тэнгэрийн дүлий гэгч бол чухам үнэн тэнгэрийн дүий биш худал хуурмаг амой. Иймд учрыг та бүхэнд тайлбарлаж үнэн тэнгэрийн дүлийг үзүүлье гэсэн юм.Одоо тэрхүү Түвдэнийн олж ирсэн тэнгэрийн дүлийг нэн даруй энд авчирч үнэн их тэнгэрийн дүлий лүгээ зэрэгцүүлэн үзэх хэрэгтэй амой гэмэгц тэдгээр цугларагсад ихэд гайхаж цочсон боловч түүний дундаас нэгэн хүн ийн хэлрүүн: 
   Эрхэм гайхамшигт хүн таны авчирсан тэнгэрийн дүлий хаа байгаа бол бидэнд үзүүлэн соёрхож болох болов уу. Мөнөөх төлөөлөгч хэлрүүн: - Болно! Болно. Гагцхүү танай тэр тэнгэрийн дүлийг авчирч зэрэгцүүлэн үзмэгц алинаас гэрэл гарахыг олон та бүхэн үзсэний хойно аяа үнэн худлыг мэднэ гэв. Төдий цугларсан бүгдээр шуугилдаж мөнөөх Түвдэний их тэнгэрийн дүлийг авчирч үзье  үзье гэлцэн өөрсдийн дундаас хэдэн хүмүүсийг гаргаж даруй удалгүй аван хүрч ирэв. Төлөөлөгч түүнийг үзвэл хадаг яндраар чимэглэсэн, хив пансаар ороосон үнэхээр нэгэн чухал эрдэнэ мэт тахьсан ажээ. Төдий төлөөлөгчөөс заавар гарган нэгэн дөрвөлжин цэвэрхэн мод авчруулаад мөнөөх хоёр тэнгэрийн дүлийг гарган ирж түүний дээр тавиад хадгийн ороолтыг задалж үзвэл ер нэг адил бөндгөр цагаан талх байв. Гагцхүү Түвдэний талх нь олон жил удаад чулуу мэт батжин хатжээ. Төдий төлөөлөгчөөс тэдгээр цугларсан олноос ийн асуув. За энэ хоёрын алинаас гэрэл гарч байна. Тэдгээр ардууд дахин дахин нүдээ арчиж үзвэл тодорхой гэрэл гарч буй нь аль алинаас нь ч үзэгдэхгүй тул гайхаш тасарч гэрэл гарч байгаа юм үзэгдэхгүй байна гэцгээв. Төлөөлөгч тэр байдлыг үзээд за тийм бол лав энэ хоёр бие биеэ үзээд өвчин олсон байх магадгүй, би одоо хагалаар завсар гаргаж та бүхэнд үзүүлье. Надад нэг том сайн хутга авчир гэв. Төдий удалгүй хутга гаргаж өгмөгц мөнөөх хутгаар тэр хоёр халхыг зүсэж хэд хэдэн хэсэг болгоод за энэ хоёрын дотор тал нь адил байна уу гэж хүн хүнд авч өгөв. Хүмүүс түүнийг авч үзээд энэ нь адил ч адил байна. Гагцхүү энэ нь хатуу, энэ нь зөөлөн байна гэв. Төлөөлөгч хэлрүүн - Мөн мөн, тийм байх ёстой юм. Юу гэвэл нөгөө тэр бол өнө удаад хатсан юм. Энэ бол аргагүй шинэхэн авч яваа тул ийм зөөлөн байдаг болой. Энэ хоёр үнэндээ их тэнгэрийн дүлий бус гэв. Гэтэл тэдгээр хүмүүсийн дотроос тийм юм бол энэ юу вэ гэж асуув. Энэ бол талх гэдэг юм гээд дахин өөрийн бөгц савыг задалж хэд хэдэн бүхлийг гаргаад за би мэхлэх бус, энэ бол бид нарын иддэг талх бөгөөд ингэж иддэг юм гэж цугларсан бүгдэд үнэн учрыг нэгэн зэрэг хэлээд бас тэрхүү талхнаас өөрөө нэг хэсгийг авч идээд тэдгээр цугларагсдад тус бүр нэгийг өгөөд за та нар бүгд энэ тэнгэрийн дүлийн амтыг идэж үз гэхэд тэд сонирхон идэж үзвэл үнэхээр нэгэн гурилын амттай байв. Гэнэт тэдний дундаас нэг хүн босон харайж өндөр дуугаар хэлсэн нь: Нөхөд өө энэ нь үнэхээрийн иддэг юм мөн байна. Гэтэл харгис муу золигийн халцгай Гончиг, Донсуй Түвдэн нар эрдэнэ гэж энэ хавийг мэхэлж олон түмний мал хөрөнгийг ашигласаар он удсан тул зүй нь түүнийг хуулийн газар шилжүүлж шийтгүүлэх хэрэгтэй амой. Хэрхэвч зүгээр өнгөрүүлэхгүй гэж хашгирав. Бүгд түүнийг сонсоод үнэхээр нийлэлцэх санал мөн тул туйлын хатуугаар шийтгэх ба хөрөнгийг хураах гэж санаа гаргалцаж маш догширон босоцгоох төлөвтэй болов. Энэхүү байдлыг мөнөөх төлөөлөгч үзээд байз байз нөхөд өө! Энэ мухар сүсэг, мунхаг гэнэнээр мэхэлсний ял зэмлэл үнэхээр хөнгөн бус боловч би үзвэл энэ нь угаас санаатайгаар үүссэн хэрэг бус бололтой. Юу гэвэл замын хүмүүсийн гээгдүүлсэн талх анх олоод тэд нэр ер урьд үзээгүй юм болох тул түүнд нэр өгч ядахдаа тэнгэрийн дүлий гэж балайрч тэр нь яван явсаар олон нийтээр бишрэн үгүүлэлдэхэд хүргүүлсэн хэрэг байна. Үүнд хэн хэний хянамгайгүйн осол ташаа бөгөөд үндсэндээ манайхан олон юмыг үзээгүй, сонсоогүй, бүдүүлэг буурай ба дамын үг, замын ярианд яаран автдагийн харгай мөн тул үүнээс аливаад яаран сүсэглэхийг байж, юуны урьд түүний үнэн чанарыг хянах, ийм бол энэ зүйлийн эндүүрэл ташаарлын өвчин арилж буруу замд орохгүй болохыг сэтгэл нь нь энэ болно гэхэд бүгдээр туйлын их зөвшөөрч бүгдээр талхны учрыг олж бүр ихээр инээлдэн таржээ.

2 comments:

  1. энийг fileaar ogoh bolomj bga yu adimina otgonerdene1016@gmail.com ru yvulj tus boloch

    ReplyDelete
  2. энийг file аар авмаар бн

    ReplyDelete