Ямар золиг шиг нөж нь ингэж угласан юм. Шатны дуудай нь ингэж мултардгийг би ер үзээгүй. Харин хүн явсандаа сайн боллоо. Хэрэв ачаа ачсан бол хаягдах биш үү гэж хараал ерөөл тавилцаж тэндээн бууцгааж мөнөөх Тэмээний хом шатыг засаж дуудай хэрээг нь чангалан засаж байв. Тэдний дэргэдүүр маш ойрохон өнгөрсөн нэгэн их зам урагш хөндөлдөн мяралзаж хязгааргүй говьд тэсвэргүй одсон харагдана. Бас энд тэнд харгана бут багширан ургаад, аргал заргал зөндөө хэвтэнэ. Сүхэндэй хазааний тэмээ унаад явахыг завдтал гэнэт мөнөөх халцгай Гочиг хараал тавиад унав. Бусад нь мөн л гайхаж бас ямар юм мултарч шавтарсан юм бол гэлцэн буцаж ирэхэд халцгай Гончиг хэлрүүн. - Та нэр чинь хаашаа нөж шиг хүмүүс вэ. Аль өглөө гараад одоо үд өнгөртөл ер нэг тэмээ малаа амруулахыг бодохгүй ямар үхсэндээ яарсан юм. Энд буугаад тэмээгээ бага идүүлж цай уулцаад оройн сэрүүнд аятай явбал тэмээ малд тустай биш үү гэхэд бусад нь даруй зөвшөөрч тэндээ буулцан тэмээ ачааг буулгаж, тогоо шанага гаргалцан, аяга шанага хангинуулж, аргал шаваг түүлцэх, ус зус авчирах гэлцэн гурвуулан гурван тийш яаран гарч одов. Донсуй Түвдэн гэгч нь заавал хуурай аргал олж түлэх гэж дэмий тэнэсээр хөндлөн хөрөгдөгч их зам дээр хүрч энэ замаар чухам юу явсан байдаг бол гэж ажиглан үзвэл ер жигтэйхэн жигтэйхэн угалзтай хээтэй жирэвгэр түрэвгэр зүйл бүрийн уран хэвтай мөрүүд гарсан байхад их л сонирхож гайхаж энэ нь чухам ямар юмны мөр болохыг бодож олохгүй зогсож байтал гэв гэнэт түүний нүдэнд нэгэн том бөндгөр юм ам дээр хэвтэж байв. Донсуй Түвдэн ир л гайхаж алгуур алгуур алхасаар очив. Үзвэл нэгэн хожгор шар тос ажээ. Досуй Түвдэн, ихэд баярлаж яаран очиж авах гэсэн боловч бас л гэдрэг болоод дотроо бодруун. Үгүй энэ ер үхсэн хүний юм байж магадгүй гэж сэжиглээд авалгүй ийш тийш харвал харин Сүрэндай түүний дэргэд маш ойрхон шаваг түүж явна. Донсуй Түвдэн баруун гараа өргөж даллан дуудаж - Хүүе нааш ир, нааш ир! Энд сонин юм байна, сонин юм байна.