Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, April 28, 2012

Шүгэл

... Намайг долоон настай байхад нэгэн баяраар найзууд маань баахан зэс мөнгө бэлэглэв. Би шуудхан л тоглоомын дэлгүүр рүү гарч, замд тааралдсан нэг жаалын бариад гүйж явсан шүглийн дуунд атаархсандаа бүх мөнгөө нэг шүглээс өгч орхилоо. Ингээд тун ч сэтгэл хангалуун амьтан харьж ирээд ах дүүсээ уурлуулан байж гэр дүүрэн шүгэлдэж гарав аа. Ах эгч, үүеэлүүд маань намайг ямар наймаа хийснийг сонсуутаа уг шүглийг би дөрөв дахин их үнээр авсныг хэлж, илүү гарзадсан тэр бүх мөнгөөр хичнээн гоё гоё юм авч болох байсныг тайлбарлалаа. Тэд миний тэнэгийг шоолж инээлдэхэд би гутарсандаа уйлж, тэр гутрал шүгэлтэй болоод хөөрсөн баярыг минь оргүй хийсгэж билээ. 

     Энэ явдал миний ой тойнд гүнзгий үлдсэн нь хожим надад их тус болсон юм. Ямар нэгэн дэмий зүйл худалдаж авмаар санагдах үед би өөртөө "Шүгэлд битгий их мөнгө зарцуул" гэж хэлдэг, яг энэ маягаар мөнгөө гамнадаг болов.
     Өсч том болоод би хүмүүсийг ажиглах бүрийдээ шүглийн төлөө дэндүү их мөнгө өгч байгаа олон хүнтэй тааралдах болсон юм.
     Хэтэрхий нэрэлхүү, сүртэй хүлээн авалт зохиох гэж хамаг цагаа үрж байгаа, бусдад мундаг харагдах гэж амлалт, эрх чөлөө, сайн сайхан чанар, бүр найз нөхдөө хүртэл золиосолж байгаа хүнийг харахдаа би өөртөө: "Энэ хүн шүгэл авах гэж дэндүү их мөнгө зарж байна даа" гэж хэлдэг байв.
     Нэр алдарт хэт дуртай, улс төрийн хоосон хэнээ туссан, хамаг ажлаа түүнд зориулан баллаж яваа хүнийг хараад би өөртөө: "Энэ хүн шүглийг үнэхээр их үнээр авч байна шүү" гэж амандаа хэлдэг байлаа. 
     Мөнгө хуримтлуулахын тулд аятай таатай бүхнээс татгалзан, бусдад тус болохоос зайлсхийж, хүнтэй ариунаар нөхөрлөхийн баяр баяслыг мэдэрч чадахгүй яваа нэгнийг үзээд би: "Хөөрхий, чи энэ шүгэлд даанч их мөнгө төлж байна даа" гэдэг юм.
     Гадаад байдалдаа л санаа тавьж, ганган хувцас, гоёмсог байшин, тохилог орчин, чамин тансаг унаа хөсөгт дурлаж, түүнд хөрөнгө нь хүрэхгүй бол өр тавьж, улмаар шоронд суудаг хүмүүсийг харах бүртээ би: "Аяа, тэр өөрийнхөө шүглийг үнэтэй, маш үнэтэй авч дээ" гэж хэлдэг.
     Энхрийхэн хөөрхөн бүсгүй ой гутам өөдгүй амьтны эхнэр болсныг үзэхдээ би: "Тэр муу шүглийг ийм их үнээр авсан нь ямар харамсалтай билээ!" гэж дотроо дуу алддаг юм даа. 
     Товчхондоо хэлэхэд, хүн төрөлхөтний хамаг бүтэлгүй явдал эд зүйлсийн үнэ цэнийг буруу тооцож, өөрийн шүглийг дэндүү үнэтэй авчихдгаас л үүддэг гэж би үздэг билээ......

Суут жаран сэтгэгч номноос.

1 comment: