Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Thursday, June 7, 2012

Сайн муу хоёрыг нийлүүлэн танихын аймаг

Сайн номлолт эрдэнийн сан субашидаас сайн муу хоёрыг нийлүүлэн танихын аймаг бөгөөд дөрөвдүгээр бүлэг болой.

Бачит хуурагчин дэмий сайхан өгүүлэх нь
Бахадсандаа биш, хэргээ бүтээхийн арга.
Балмад шар шувуу дэргэд ирж инээх нь 
Баярласандаа биш, муу ёр хийхийн бэлэг
***
Хар санаатан анханд зөөлөн үгээр хуурах 
Ханилж дассан цагт мэхлэн бүрэлгэх.
Хар нүгэлт загасчид өөшинд мах өлгөөд
Хуурч олон загасыг алахтай адил
***
Муу хүн хэзээд эс тэнхэрвэл 
Магад тэр болтлоо сайн зантай байх.
Муу хорт өргөсүүд эс хатталаа
Машиз зөөлөн ногоо мэт байх
***
Үнэн санаандаа өөр нэгийг бодоод
Үгэндээ өөр нэгийг хэлэгч хүнийг
Үлэмж бичиг хуурамч гэж хэлдэг бөгөөд
Үтэл муу хүн, сайн мэхэлсэн нь билээ
***
Асар арга залийг нэн олдуулбал
Анхандаа бүтэвч адагтаа бүрлэх.
Аргалж ирвэсийн арьсыг нөмөрсөн илжиг
Ардын тариа идсэний сүүлд бусдад алагдсан мэт
***
Ухаан билэг хурц болбол үзсээр байтал
Учирсаар цаад хүнээ хууран чадах
Урьд нэг Бярман ямааг хөтөлж явтал
Учирсан хулгайч нар нохой гэснээр айгаад орхисон мэт
***
Тодорхой нүдний өмнө гэм хийсээр байтал
Тун худал үгээр хууран мэхлэгчид байдаг бий.
Томоогүй Лхачин гэгч хүн гасалсанаа
Товчилж дөрвөн үнэнийг дурдлаа гэсэн мэт
***
Уяхан янаг аальтай зөөлөн үгт хүнийг 
Учран танилцсаар дэмий бүү итгэ!
Уран дуут шувуу өнгө үзэсгэлэн боловч
Огоот их хороор амиа тэжээдэг мэт бий.

***
Аргат муу хүн сайхан загнаж байгаад
Алимад хэрэгт тулах цагт зайлан бултах бий.
Алаг муу худалдаачид гөрөөсний сүүл үзүүлээд
Амтгүй илжигний махаар идээ хийх мэт.
***
Ичгүүрээ барагсад хүний эд малыг 
Ямагт, өөрийн юм мэт шунан эдэльюү
Ирсэн гийшчинд нөхрийн торгыг дэвсээд
Илтэт өөрийн мэт аашлан бардамнах адил.
***
Эгэл ичих санаагүй зарим муу хүн
Эгнэгт өөрийн муу явдлаа хөөрөлхөн өгүүльюү
Эвдэрэлт Ганзийн орны зарим хаадын ёсонд
Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил
***
Адаг муу зарим хүнд энэрэн тус хүргэвэл
Асар харшлан хорлох ч бий бүлгээ.
Алаг шаазгай зулзага эхийнхээ үсийг үгтээгээд
Ачий нь хариулав гэж санадаг адил.
***
Тэнэг хүн бусдын ачаар дээшлэвч 
Тэтгэснийг нь мартан өөрийн чадал мэт санах.
Тэнгэр лусын оруулсан бороог зарим тариачин
Тэр нь миний хишиг гэж бодох мэт.
***
Өчүүхэн муу ухаантан эртний үйлээр сайжравч
Өөрөө хүнээс илүү сайндаа болсон мэт санах.
Өтөлсөн хөгшин нохой тагнайгаа хатгасан цусыг 
Өөрийн хэмлэсэн ясны шим гэж баярлах мэт.
***
Ухаан муу заримууд ах дүүгээ бүрэлгээд
Учиргүй өөр хүнийг дэмий тэтгэх ч бий.
Унасан мориныхоо толгойг огтолж сүүлэнд зүүхийг
Ухаан мунхарсан галзуугаас өөр хэн үйлдэх.
***
Ухаангүй тэнэгүүд хэрэгтэй газарт үл өгөн
Учиргүй дэмий юманд хэрэггүй хоосон бүрэлгэюү
Ус багат муу булаг зун урсаад
Ус хэрэглэх хаврын цагт харин хатъюу.
***
Тогтуун номхон хүн шударга байхад
Томоогүй муу хүн дэмий харшилъюу
Тост модонд гал хурдан ноцно за
Тун нойтон модонд гал үл халах мэт.
***
Ширүүн зант хүнд мөн ширүүн загнавал зөөлрөх мэт
Шударга номхноор байвал дэмий догшин авирлаюу
Шаналгаатай нүдний ярыг хайрч огтчивол эдгэнэ за.
Шулуун зөөлнөөр эмчилбэл улам хор болъюу.
***
Тэргүүлэгч хаан хүн ёсчилон явбал төр нь батжъюу
Тэнэг муусын явдлаар цалгайрвал төр нь самууръюу
Тэгш гэрэлт наран сайтар мандвал харанхуйг гийгүүльюү
Тэр нь Раахад баригдвал орон бүхэн бүрэлзьюү
***
Хэдэр догшин хаадын гар дор явагчид ба
Хэрмийн ёроол эвдэрсэн байшинд суугчид хийгээд
Хэврэг хялбар нурах хадын дор суугчид
Хэзээд айж явах нь ер ав адил.
***
Сайн ухаант мэргэн цэцэн хүн боловч
Санаа муу хортой болбол ханилж үл болох .
Сайн чандмань оройд нь байвч хорт могойг
Санаа амар өвөртөө авч үл болохтой адил.
***
Зарим хаад ноёдын их галын цогц мэт
Захад нь ойртвол ойнд нь үл орох
Зайлж хол явбал ер харж үл үзэх
Завсартай хөндий явбал сайн муу болзоогүй билээ.
***

Адаг муу гэргийтэй амар явж үл болох
Атаа ихт нөхөртэй удаан ханилж үл болох
Уур ихт догшин хаанд ашид итгэж үл болох
Аюулт хортон араатан ойд амгалан сууж үл болох
***
Омог бардам нэн хэтэрвэл эрдэм билэг буурьюу
Олз, нэрд нэн шунавал нүүргүй болъюу
Онц дор улстаа агсран хэдэрлэж явбал 
Олонд нэр алдар нь хөнгөрөөд шоод болох болъюу.
***
Үнэнхүү тустай бүхнийг зааж өгөгч чухаг
Үнэхээр түүнийг дагаж явагч бас чухаг
Үнэхээр өвчин бүхнийг танигч эмч чухаг
Үргэлж түүний үгээр дагаж явагч чухаг.
***
Дээрэнхүй омог нэн хэтэрхий бол
Дэмий хэрэггүй юманд нэрэлхэж зовъюу
Дээгүүр их санаатай нэгэн арслан эрт цагт
Тэнэмхий хөгшин үнэгэнд хууртаж махыг нь үүрсэн үлгэр мэт.
***
Саваагүй ховдог хэрээний булж тавьсан мах ба
Санаа муут хуурамч хүнд тусалсны хариу ба
Саармаг хатуу газарт тарьсан тарианууд
Санаж горилох их боловч эдлэхэд тус болох нь бага. 
***
Эс дассан хүнд дэмий янаглан бүү итгэ
Эгэл сэрэмжгүй явснаас гэм гарах нь олон бий
Эргэцүүлж эс мэдсэн хүнд нуух үгээ бүү хэл
Элэгсэж санаагаа хэлснээс дайсан болох олон бий.
***
Муу юм ертөнцөд олон бий боловч
Муу хүнтэй адил аюулт юм ергүй
Муу эд малыг шинэтгэх ба арилжиж болно
Муу хүнийг захиран засах тутам улам дордъюу.
***
Өөдгүй муу хүнд зуун эрдэм сургавч
Үнэхээр сайн төрүүлж үл болох
Үргэлж сайн муу хэнд ч болов хорлохыг бодох нь
Үл бүтэх муу хүний бодлогын туйл билээ.
***
Төрөлх муу хүнийг хэдий сурган засавч
Төвшин сайн чанарт болон нь огт үгүй
Түлсэн хар нүүрсийг хэдий шамдан угаавч
Түр зуур ч цагаан болох ер үгүй билээ.
***
Аргат муу хүний олонтаа хашраасан газарт
Асар шударга хүний ч болов сэргийлэх болъюу.
Аюулт олон могой үргэлж байдаг газарт
Алтан дээдсийг үзэвч айн зайлъюу.
***
Манлай дээдсийг өргөмжлөн тахивал сайн буян ирнэ за
Муу дордсыг өргөмжлөн тахивал элдэв хэрэг гаръюу.
Малын сүүг бусад амьтанд уулгавал тэжээл болно за
Маш хорт могойд уулгавал хор нь ихэдьюү.
***
Үргэлж хар санагч муу хүнд хэдий янаглавч 
Үнэн зүрхэндээ аргагүй хар бодож явах
Үлгэрлэвэл бялзуухайг хэдийчинээ асран тэжээвч 
Үнэхээр номхон болох нь ер үгүй мэт.
***
Ашид салахыг хичээгч ховч хүн
Амраг зүрхэн мэт нөхрийг ч болов салгах бий
Адилтгавал урсах усанд үргэлж дэлдэгдвэл
Асар бөх хад ч болов элэгдэн хагарах адил. 
***
Муу хэрэг гарах үйл хийсэн ба тун хуурмагаар явсан ба
Манлай дээд улсын гэмийг хэлсэн ба нөхрийнхөө гэмийг хэлсэн хүмүүс
Маш худалч гэж алдаршаад олонд хөнгөрөх 
Магад үнэн боловч эцэст нэгэн аюул болох /Багш ба нөхрийг гүтгэж болохгүй, гэмий нь хэлж болохгүй гэсэн утгатай/
***
Ер хэлж үл болох уршигт үгийг ч болов
Ерөнхий олны дотор дэмий хэлэх задгай хүнтэй
Ер үнэн худал ямар ч үг хэлэлцэх боловч
Их ухаантан мэргэд сэргийлэн үйлдвэл сайн.
***
Хариг харамч болоод ямагт хар бодогч хүнийг 
Хэдий шадар янаг мөн боловч нэн бүү итгэ.
Хэтэрхий ихсэд ч болов холын дайснаас 
Хишгийг нь идсэн дэргэдэх хүн хорлох нь олон бий. 
***
Илтэт хорлохын тэмдгээр харшлагч дайсантай
Ил далдгүй тэмцэлдэж дарахад хялбар бий за.
Янаглан туслахын дүрээр хорлогч дайсныг
Ялгаж зайлуулахад хэцүү тул дарахад бэрх.
***
Энэлэлт өвчний зүйлийг сайтар мэдэж эмчилбэл эдгэрч болно за.
Эгнэгт хор болох үгийг хэлсний хорыг анагаах аргагүй
Эрт цагт хэрээ шар шувууг дайран өгүүлснээр 
Эцгийн галав юүлтэл алалдах болсон үлгэр мэт.
***
Үнэн зүрхэнд муу санааг чангад бариад
Өгүүлэх үгэндээ сайхан үг хэлтүгэй гэж,
Үтэл тэрсүүдийн хорт увдист байдаг бөгөөд
Үлэмж дээдсийн ёстой тун харш билээ.
***
Аминд хорлох хорт өвсийг үндсээс нь дээш арилгах мэт
Атаархалт дайсныг ач үрээс нь дээш дуусгатугай гэж
Аюулт догшин хаадын ёсонд байдаг боловч
Асрагч хөвүүн мэт тэтгэвэл наашид бас тусалъюу
***
Өөрийн хэргийг бүтээхийн төдийхнийг бодогч аминч хүнтэй
Үнэхээр сайтар ханилж явах ер бэрх.
Үргэлж тариагаа цэвэрлэн засагч хүнийн тарианд
Өөр ногоо сайтар өсөж боловсрох ер бэрх.
***
Хэдийгээр туславч ачийг тун үл санах хүнтэй
Хэзээд салалгүй сайхан ханилж яахин чадах.
Хэдийчинээ хичээвч үр үл боловсрох газраас
Хэн ч болов сайн тариаг олж яахан чадах.
***
Учирүй сайрхан бардамнан явагч хүн
Ухаантанд жигшигдээд даруй бүрлэх болъюу
Учирсан мод бүхнийг хүчлэн шөргөөгч эмнэг бүх
Удалгүй хашаагаа эвдээд нөмөргүй болъюу
***
Өөдгүй муу хүнд цааш хэдий юм өгөвч
Өчүүхэн хэрэглэсэн юмыг нааш үл өгьюү
Өрөлбөөр төмрийг насад барьж байвч
Үзтэл цаад төмөр өрөлбийг үл барих мэт.
***
Амандаа бусдын тусад буян үйлдэнэ гээд
Ашид хилэнц үйлдэх муу хүн ч байдаг
Ариун буян биш болбол амьтнаа туслах дүртэй боловч
Алсдаа өөрт хор болох тул мэргэд түүнийг үл үйлдьюү.
***
Урьд муу хэлсний өшөө, зээлсэн өрний хөлс
Олонд хор болох журам ба уршигт муу үг.
Ухаан муут ач үр ба гэмт явдалтнуудыг 
Огоот эс арвитгавч улам дэлгэрэн өсьюү.

No comments:

Post a Comment