Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, March 11, 2007

Гунигийг март

Яасан? Гуниглаал байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм ш дээ
Ийм цагт сайн хүмүүс олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүмүүс зөндөө л дөө

Гэхдээ
Буруугүй үгэнд нь бодол зөөлөн уярч суулаа ч
Бусдын үгээр дурлаж болдоггүй шиг хэцүү байдаг юм
Шалтгаангүй хэн нэгэн чамайг аргадвал
Шаналал чинь зовлон болж хүндүүрлэж байгаа биз
Өрөвдүүлэх чинь аргадуулахаас хэцүү
Өөртөө гомдох чинь улам ихсэнэ гээч
Зүрх хүндүүрэлтэл гомдоосон хэн нэгэн нь харин
Зөрөөд өнгөрөх агшинаа ч болов уярч харвал
Ээждээ айлгасан хүүхэд шиг дотроо жаахан уйлчихаад
Эргээд цаашаа алхахдаа өөрийгөө харин шоолдог юм даа
Тайтгараач
Алдаа гэдэг чинь зөвийгөө олтол төөрөлддөг зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог би мөшгихгүй
Үгний түрүүч бүлээн гээд ерөөл биш
Зүс нь үзэгдэх сайхан гээд санаа биш
Тэнэж хэлсэн ганц үгэндээ
Тэнэг алдагшдаг юм
Тэмцэж яваад ялахдаа ялтан болох учир байдаг юм
Үг дагаж үнэнд хүрнэ гэдэг чинь
Үүл дагаж газар баримжаалахтай адилхан
Хүн дуурайж сайн явна гэдэг чинь
Хүйтэн чулууг булаганд нь эндүүрэхтэй ижилхэн
Бод л доо чи
Жаргадаг газраас нь мандааж бод
Жаргалтай хүнийг зовлонтойд бод
Зуны цэцгийг өвөл ургуулж бод
Зурамны нүхэнд үнэг багтааж бод
Алдаа гэдэг чинь зөвийгөө олтол төөрөлдөх зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог би мөшгихгүй
Бод л доо найз аа бодооч
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт
Намайг гудайна чинээ бурхан ч горьдсоны хэрэггүй гэж бодооч
/Ш.Гүрбазар/

No comments:

Post a Comment