Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, March 9, 2010

......

Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй
Чанга тэврээд уйлахаас өөрийг хийхгүй
Ийм удаан намайг орхисон,
Тийм удаан надгүйгээр амьдарсан,
Чамтай уулзаад би нэг ч үг хэлэхгүй.

Үг тэнд үнэ цэнээ алдаж
Үнсэхээс өөрийг уруул минь хийхгүй
Услалгүй удсан цэцэг шиг
Урууланд чинь би яг л ус шиг хүрнэ
Цаас арчсаар нимгэрсэн мэдрэмтгий хуруугаараа
Цаг хугацаа чиний мартуулах дөхсөн
Хүзүүнд, үсэнд, арьсанд
Хүрэхийн төдий халуу дүүгээд л
Улам ч сайхан санагдах тэр л биеийг
Удаан гэгч нь тэврэх болно.
Өөр юу ч хийхгүй.

****

Уйтгарлаж уйтгарлаж унтаад, уйлж зүүдэллээ
Уулгүй, усгүй, эзгүй газар
Ургаж дээ би, уйлахаас яахав...
Хөөр баяр, аз жаргалаас түмэн бээр алсад ганцаар
Хөлөө мод шиг газарт булаад
Хөшиж дээ би, уйлахаас яахав...
Навчин хэлбэртэй нулимс ар араас нь унагахад
Намар оройн салхи гунигт гараараа арчина
Хөлийг минь тойрч эргэлдээд мянган нулимс
Хөрсөнд шингэнэ, ахиад л надаас унана.

****

Гэтэл тээр дээр...
Тийм өндөрт ганц шувуу, бас л уйлчихаж
Тэнгэр нулимсыг нь үүлээр арчина
Газарт ч нулимс...
Тэнгэрт ч нулимс...
Ганцаар сэтгэл үргэлж нулимстай...
Навчин нулимсаараа далавч урлаад
Намрын салхинаас дэм аваад
Тэнгэр рүү,
Түүн рүү нислээ...
Навч минь нэг нэгээрээ унаад л байсан
Навчаа унагаад би нисээд л байсан
Сүүн цагаан гэгээ, чам руу улам ойрттол
Сүүлчийн навч тасарлаа...
Навчгүй нүцгэн бие агаарт тогтож үлдэхэд
Надад хангалттай гуниг байхгүйг мэдлээ...

****

Цонхоор ширтээд чи зогсож байсан...
Уйлах нь дээ гэж эхлээд бодсон
Удаан хартал нүдэн дотор чинь
үүл нүүж байсан
Уучлал нэгэнт оройтож дээ гэж гэмшсэн
Үүлгүй тэнгэр бороо асгадаггүй болохоор
Үгээ би дотогш нь залгисан
Үйлдэл бүрийн минь өргөсийг тээсэн
Үг ямар аргуу...
Нүцгэн, үүлгүй, үл мэдэг нууцлаг
Нүдэн дотор чинь шувууд нисээд л
Амгалан нисэх шувуудыг үргээчихээд
Аянга цахих шиг над руу харсан
Ай, харц чинь яасан халуун...

***

Харсан бүхэн эмзэглэл, догдлол...
Хааяа надад шүлэгч байх хэцүү санагддаг.
/шүлэгч байх нь надад биш/
Гашуудал, үхэл, харууслаар дүүрсэн
Газар дээр ч заримдаа гишгэмээргүй болдог.
Инээсэн бяцхан охинд минь хүртэл
Энэ хорвоо юу бэлдсэнийг төсөөлөхөөр,
Тэр зөнч эмгэн шиг хоёр нүдээ тас аниад
Тэвчихээс өөрийг хийж чадахгүйгээ мэдэхээр
Инээмээргүй...
Энэ бүхэн итгэмээргүй санагддаг.

Хүсэл бүхний хариуд шунал, шаналал...
Хүүхнүүдэд хааяа дурламааргүй санагддаг
Улалзсан, дүрэлсэн, гэрэл цацарсан
Учралуудаас ч заримдаа зугтмаар болдог.
Ганцаардлын цэнхэр гунигийн шар өнгөөр
гортиг татаад тэг дунд нь сууж
Гав ганцаараа уумаар болдог.
Орилмоор...
Огт танихгүй бүсгүйг тэврээд
оройжин уйлмаар санагддаг.

Б.Батзаяа 

No comments:

Post a Comment