Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, March 9, 2010

Бүх юм түр зуурынх

Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх

Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх

Тагтан дээрх өвс зуусан болжмор нүднээс урсаад мартагдахуй болно
Тасалгааны цэцэг ургаж ургаж хамгийн сүүлд гуниг болно
Танил дотно зүйлс амьсгал хураатал үргэлжлэх дурсамж болно
Та бид цөм он цагийн уртад хувирч хувирч гээгдэхүй болно

Дурлаж амжаагүй охид цаг хугацааны төгсгөлд харуусал болно
Дулаахан хэн нэгний зүрх зогсоод нэг л өглөөний манан болно
Хайр нэхэж төрсөн хүн бүхэн гомдлын эцэст уучлахуй болно
Хамгийн сүүлийн шүлэг минь хүртэл хэсэгхэн зуурын оршихуй болно

Горхины хөх чулуу ус долоосоор өөрөө ч бас урсгал болно
Гол мөрөн урсаж урсаж загасан хээтэй хөх үүлс болно
Өвөөгөөс минь үлдсэн хуучин тагш эзэн шигээ л салхи болно
Өнө холын ирээдүй ойртон ойртсоор бүх зүйлийн төгсгөл болно

Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг-бүлэг өвс, нойтон уруул-навчны тоос
Нүднээс унах нулимс-лааны бүлээн тос
Ханилахуй-хагацахуй, хослохуй-өнчрөхүй,
Ээнэгшихүй-холдохуй эцсийн эцэст
Бүх юм түр зуурынх

(Б.Батзаяа)

No comments:

Post a Comment