Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Sunday, April 15, 2012

Хүнсанаа: Хуучин хүү

Хотын байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа, шороотой зам, эвдэрхий саадыг дагаж, хааяа нэг хар зам дээгүүр хүмүүс холхино.
Дөрвөн зүгт мав манантаж уйтгартай, цагаан үнсэн шороо хуйларна. Хаврын сэр хийх салхи хамар аманд шороо чигжиж, гэр хорооллын иргэдийн сэтгэлийг бухимдуулна. Хашааны үүдэнд гаргасан байх хогын боошигнууд эмх замбараагүйгээр үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн жаалууд шороо манарган гүйлдэнэ.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг автобусны буудлаас сууж буун зорчиж, нэг биш нилээн хэдэн төр эргэхийг харсаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Аравтын Цэнгэл хоймор сууж, нийгмийн ажил гэж буруу зөв чалчих ба сувилагч Чимгээ гаднаас ирж эрүүл мэндийн битмин гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Тэртээ хотхонд амьдарвал хүчрэхгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш амьдралгүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорж, дэлхийн боловсролоос гээгдэнэ.
Гагцхүү өглөө автуусандаа сууж, үдэш микродож ирсээр нэг насыг барна.
Хуучин хүү усны тэргээ гулдачиж жайвагануулсаар хүрч ирэв. Цагаан бандагаар толгойгоо ороожээ. Өрвийж сэрвийсэн үсний хэдэн хялгас дух руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохой гаргажээ.
Тав хийтэл тэргээ чулуудаж, тас хийтэл битанаа сугалаад дагтаршид дарайсан күртикнийхээ баруун ханцуйгаар шороонд загалдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд гэрт оров.
“Хүний хөгжилийн 21 өгч байна. Баагийгийн дэлгүүрт баахан хүн.
Уугий ажилд орохоор явсан. Гомбо Зах ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, Аравтын Цэнгэл гуай гэж доогуур харан, сувилагч аниа гэж харцаа шулуудсаар зуухны хажууд сууна.
Авгай хүүхдээс аяга цуйван, хэсэг гамбир олж идээд, тэндээс гарч, халуун усны Оогийгийн бохирыг соруулалцаж өгч пиав олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ.
Шарав ахынд нүүрс шуудайлцаж өгч, хуушуур олж идэн нэг үдшийг дуусгана.
Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, нүхтийн аманд хүрсэнгүй, баруун салааны тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн гудамны эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.
Нас хэдийгээр залуу боловч боловсрол нимгэн, татаж чангаах хүнгүй тул гудамж хашааны хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.
Өвлийн хүйтнийг нүүрс шуудайлж өнгөрүүлэн, зуны халууныг ус зөөж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ.
ТВ8, шар сонин энэ хоёрын мэдээнээс бусад үнэн юмгүй, хадгаламж банк, нарантуул зах, усны худаг, түлээний зах энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил Жи хорооллын шороон дунд хүмүүжнэ.
Юутай гомдолтой бүрхэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ.
Боломж нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ.
Халамжийн мөнгө ба улс төрчдийн гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, архидалт нь цэнгэл болоод, нэг хорооны иргэдийн ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, Hupermarket ч гэж чухам юу болохыг ч үзэлгүй, мэдэлгүй Жи хороололд хэвшин амьдрахад тулжээ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий,
Гэтэл хуучин хүүгийн нэг танил /Хүнсанаа/ нь сонгуульд хүч үзсэн өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг дүүргийн иргэд сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш ч амьдрал байдгийг мэдэж, таван толгойн хувьцааг ч эзэмшин шинэ хотхонд амьдран суух замыг нээв.
Манан Монгол танан Монгол болов
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр,
2012 он

3 comments:

  1. Жинхэнэ цэвэр сайхан Монгол хэл чинь энэ шүү дээ.

    ReplyDelete
  2. "Гэтэл хуучин хүүгийн нэг танил /Хүнсанаа/ нь сонгуульд хүч үзсэн өдрөөс эхлэн" гээд эхлэж байгаа хэсэг нь ерөөсөө огт таалагдсангүй. Ялангуяа "шинэ хотхонд амьдран суух замыг нээв." гэсэн нь сонгуулийн инээдтэй худал амлалтуудын нэг үнэн дүрээрээ явж байна.
    http://www.facebook.com/photo.php?fbid=252670261495264&set=a.166904793405145.36480.100002568758288&type=3

    ReplyDelete
  3. Хэлэх гэж оролдсон санааг минь түрүүлж ухсан танаа талархал дэвшүүлье.
    Монгол түмний минь ухаан нь холч, хараа нь хурц, сонголт нь мэргэн байх болтугай.

    ReplyDelete