Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, June 18, 2012

Гурван наадам дээр

Сумын наадам дээр. Сумын наадам болж байлаа. Долоон настай Дорж хүү ийм олон хүн нэг доор цугларсан байхыг амьдралдаа анх удаа үзэж, түмэн зүйлийн эрээн мяраан өнгөнд толгой нь эргэнэ. Саахалт айлын Ханд эгчийн гараас тэрбээр зуураастай явж байлаа.
     Айраг ууж, хуушуур идэж, чихэр хүлхэж олны дунд энийг харж шохоорхон, тэрийг харж гайхан ийнхүү явах нь хүүд яриангүй сайхан байвч хонь малаа харан гэрт үлдсэн ээж, охин дүү хоёр нь үе үе санагдана. <<Ээжийгээ ч юм уу дүүгээ нааш ирүүлдэг байж дээ>> гэж бодогдон сэтгэл нь бяцхан хөндүүрлэнэ. Тэдэнд аав байхгүй. 
     <<Миний хүүг наадамд аваад явна уу. Олны дунд орж үзэг, хөөрхий!>> гэж ээж нь Ханд эгчээс нь гуйжээ. Ханд сайхан цагаан шүд яралзуулан инээгээд <<Дорж шиг сайн хургачин хүүг авч явалгүй яах вэ>> гэхэд ээж хүү хоёулаа магнай тэнийн баярлаж билээ.
     Ханд, Дорж хоёр наадамчин олны дунд тухлан сууж байлаа. Алтан соёмбот далбаа эмээлийнхээ бүүрэг дээр тогтоон мандуулсан морьтон, олны анхаарлыг татсаар наадаамчдын өмнүүр гарч ирэв. Түүний хойноос хурдан морь унасан хүүхдүүд лимбийнх гэмээр эгшиг хадаан гийнгоолсоор дагалдав. Тэр хүүхдүүдийн эхэнд Доржийн найз хүү Хуяг инээд алдан давхиж явлаа. Тэд давхисаар асарын өмнө очив. Айргийн тавд орсон морьдыг цоллон мялааж, унаж уралдсан хүүхдүүдийг цаасан хайрцагтай зүйлээр шагнав. 
     <<Хуяг шиг болоосой. Хурдан морь унаж уралдах ямар сайхан байдаг бол? Тэр хайрцагт мөн их чихэр байгаа даа>> гэж Доржид бодогдохуй гижиг нь хүрэх шиг болов. Тэгтэл <<Надад унах хурдан морь байтугай хонины морь ч үгүй. Морь болгож унадаг шилбүүр л бий шүү дээ!>> гэсэн бодол залган төрж хоолой дээр нь гашуун оргих шиг болов. Наадам цэнгээний учрыг сайн олохгүй бужигнаж олны дунд Ханд эгчээсээ төөрчих вий гэж тэвдэж явсан ч гэсэн бяцхан цээжинд оргилж байсан баяр хөөр хийсэн одов.
     Хуяг аавдаа мориныхоо цулбуураас хөтлүүлчихсэн <<Доржоо!>> гэж дуудан хажуугаар нь өнгөрөв. Хуягийн бүхий л байдал <<Би хурдан морь унасан. Бас түрүүлсэн, шагнуулсан. Гоё байна даа! Чи хараач!>> гэж хэлж байлаа. 

     Үеийн жаахан нөхрийнхөө өнгө жавхаанд Дорж хүү дарагдан өөрийнхөө ядуу доройг гэнэт онц тодоор мэдэрч санаа алдан гуниглав. Бяцхан хүүгийн том гуниг түүнийг нөмрөн авлаа.
Аймгийн наадам дээр. Мөнөөх сумын наадмаас хойш хориод жил өнгөрчээ. Дорж, Хуяг нар эр цэргийн алба хааж, эх ороныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж хал үзэж, хатуужсан ханагар сайхан эрс болцгоосон байлаа.
     Аймгийн наадам болж байв. Баруун аймагт ачаа хүргээд буцахдаа нутгийнхаа наадмыг тааруулж ирсэн жолооч Дорж саарал даавуун дээл дээр <<Бид ялав>> медиалаа зүүж, хөх торгон бүс өргөн гэгч ороож, хром хэмээх шөвгөр хар гутал өшиглөн, бүрх малгай хэлтгийдүүхэн тавьж орхиод таних мэдэх хүмүүстэй мэнд ус мэдэлцэн, сонин сайхныг хүүрнэж магнай тэнэгэр явлаа. Дүү охин нь хүний хүн болсон тул Дорж ээжтэйгээ аж төрдөг байлаа.
     Энэ наадам дээр үеийн нөхөр Хугтай тааралдав. Тэрбээр хөдөө нутгийн чинээлэг эрийн ёсоор хувцаслажээ. Хөх үйтэн хуар дээл дээр мөн л <<Бид ялав>> медиалиа зүүсэн нь нарны гэрэлд шаргалтан гялалзана. Ногоон дурдан бүс шавхийтэл ороож мөнгөн тоногтой хэт хутга, хотон шувууны хошуугаар хийсэн хурдан морны хөлсний хусуур сэлт хавчуулжээ. Угалз хээ алагласан монгол гутал мөнгөн чимэгт ган дөрөөнд жийж хилэн хар морины нурууг хотолзуулан ханхалзана. <<Энэ миний эхнэр Дэжид. Та хоёр танилц. Зэргэлзээ сумаас авсан юм>> гэж өөрийнх нь унасантай усны хоёр дусал шиг ижил хилэн хар морьтой хүүхнийг заалаа. Тэр хүүхний гоё сайхан хувцасласан хийгээд царайлаг, гоолиг нь нүд гялбамаар аж. Мөн согоо шиг хэдэн морьд холбож хөтөлжээ. Тэднийгээ урт тэнзэн ташуураар заагаад <<Тэр халиун морь түмэн эх боллоо. Хоёр нь айрагдлаа. Нэг нь пайзтай, Муугүй ээ хө!>> гэх нь бардамхан янз илт. 
     Дорж <<Бөхт>> хэмээх тамхи гаргасны хариуд төө хэрийн урт цагаан соруултай гаанс зөрүүлээд <<Манай майхан тээр дээд талд байгаа. Алхан хээтэй цэнхэр майхан бий, андашгүй ээ! Орой оч. Хонь гаргаж чамайг дайлна. Найрлаж наргина. Хууч хөөрнө>> гээд пархийтэл давхин одох нь тун ч бардамхан. Хуягийн хойноос харвал цагаан чийрсэн бүрх малгай нь мөрөн дээр нь ойчоод сагалдарага юундаа тогтон бөмбөгнөж, морьдынх нь хөлөөр ухаа тоос манаран босож байлаа. 
     <<Сар шиг сайхан авгай авч гээч, золиг чинь. Өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэснийг ньээ! Морьд нь сайн давхиж дээ. Жаргаж явахын ордонд төрсөн эр юм даа чи>> гэж Доржид бодогдохуй өөрийгөө голох сэтгэл төрж байв. 
Улсын наадам дээр. Мөнөөх аймгийн наадмаас хойш дөч илүү жил урсаж одсон байлаа. Халхын голын ялалтын түүхт их ойн өмнө хот, хөдөөгийн ахмад дайчдыг улсын наадамд урьжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун асарт Дорж, Хуяг хоёр цавхийтэл таарч суудал зэрэгцэв! Энэ болтол нэг голын хоёр нөхөр уулзаж учраагүй юмсанж. 
     Өтөлж өвгөрсөн, өмсөж эдэлсний хувьд гэвэл тэдэнд гойдын ялгаа алга. Ганцхан нүднийх нь харц л өөр байлаа. Доржийн нүд залуугийх шиг гялалзахгүй ч сэтгэл хангалуун яваагийн тэмдэг болсон гэрэл гэгээ дүүрэн. Хуягийх нь нэг л сүүмгэр.
     Өвгөдийн хуучилж суутал Доржийн бага хүү сурвалжлагч залуу ирж том цүнх уудлан халуун сав гаргаж сүү болсон, ааг нь ханхийсэн цай аягалан аавдаа барив. 
   - Хүүхдүүд минь, яах нь вэ дээ. Аав нь хэд хоног төрийнхөө хишгийг хүртээд, үеийнхээ өвгөчүүлтэй хөөрөлдөөд бишгүй л таатай явна шүү дээ гэж Доржийн хэлэхэд хүү нь инээмсэглэн:
- Та минь элдэв эсийн хоол унданд маруухан шүү дээ гээд цаасанд боодолтой чанасан мах гаргаж ирэн хурц хутгаар нимгэн зүсэж өвгөний аяганд хийлээ. Дорж өвгөн малилзтал инээмсэглэн <<Алив Хуяг аа, цай уу, мах ид, хөгшин минь>> гэж нөхрөө дайлж суулаа. 
     Өндөр гоолиг нуруутай, өөрийнх нь залуу цагийг үйлийн үргүй санагдуулсан хачин адилхан хүү нь аавыгаа ийнхүү халамжлаад, гэртээ мартчихсан байсан хоёр нүдний дуранг нь өгч <<За ааваа, наадам сайхан үзээрэй!>> гэж хайрлангуй хэлээд бүдүүн мойног хуруунуудтай паливгар гарыг нь нэгэнтээ илчихээд цүнхээ барин яваад өгөв. 
     Тэр сайхан эрийн хойноос Дорж өвгөн бахархасан янзтай хараад: 
- Миний бага хүү. Сонины сурвалжлагч хүн. Наадам сурвалжлах далимаар намайг гэж яваа нь энэ хөөрхий гэлээ. Хуяг:
- Аа тийм бий. Яг л чиний залуугийн төрхийг санагдуулж байна даа. Би хоёр хүүтэй. Нэг нь хөгшин намайг гэх бололцоогүй ажил, амьдралдаа анхиа муутай бөөдий амьтан. Нөгөөх нь <<Эвэр ургалаа, ээж хэрэггүй>> гэдгийн үлгэрээр орчихсон. Уг нь энэ хотод л байх учиртай. Намайг ирсэн гэж мэдээ ч үгүй биз. Би ч тэрнийг хаанаас олох вэ гээд өөрийн мэдэлгүй ханхийтэл санаа алдав. 
     Дорж өвгөн нөхрийнхөө нүдний харц гундуухан байсны учрыг <<Сая хүүгийн ирсэн нь энэний маань сэтгэлийн хатигийг хөндөж орхивоо доо>> гэж зовсхийвч яалтай билээ дээ.
     Хуяг өвгөний яриа хөөрөө илт цөөрч, урт цагаан соруултай гаансандаа байн байн тамхи нэрэн бодлогоширч суулаа. 
     Тэгээд өнгөрсөн хоёр наадмын дурдатгал Доржийн сэтгэлд сэргэн өчигдөрхний юм шиг тодхон санагдав. <<Бусдын сайн сайханд битүү агаад хоргүйхэн атаархах нь сэтгэлийн буруу биш юм даа хөөрхий. Өтлөх насны сайн сайхан нь өргөмж юм байжээ>> гэж Дорж өвгөн бодоод хүчит бөхчүүдийн зүг дурандаж эхэлвээ.

1989 он
Бажуудайн Ганбат "Сарны үг" номноос

2 comments:

  1. Хуяг гуайн хүүхдүүд яагаад тийм хүн муутай хүмүүс болчих воо. Залуудаа эд хөрөнгөндөө эрдээд эцгийн үүргээ муу биелүүлж гэж ойлгов

    ReplyDelete
  2. Нэр алдар, эд хөрөнгийг дааж явдаг нэг хэсэг байхад дарагдаж үхдэг нэг хэсэг байдагийг үүгээр өгүүлсү.

    ReplyDelete