Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, June 25, 2012

Шовгор

     Охиноосоо цахилгаан авуутаа энэ бүтэлгүй явдлын ээдрээг тайлахад <<од шүүрэх>> овсгоотой мань Баадай л тусална гэж баттайяа итгэсэн учир Дампил онгоцноос буунгаа ажлын газар руу нь жирийжээ.
     Нэг ангийн найз Баадай нь уржнан нутагтаа амралтаараа ирэхдээ Дампилынхаар хонуутаар зочлуулж, хонины мах, ааруул зөөхийгөөр том хүрэн хүүдийгээ түнтийтэл дүүргэж аваад буцсан юм байж! Баадай том цагаан шүд яралзуулан час час инээж нахилзсаар, <<Ээ Дампил минь! Чи хурал зөвлөгөөнд уригдаж залагдаад хотод бишгүйдээ л ирсэн сурагтай байдаг... Одоо хотод очихоороо манайхаар заавал очоорой. Анжгай нь хаалгаа томсгоод байж байя. Захих юм байвал захиж байгаарай. Анжгай нь цагтаа тулахад тэнгэрээс ч од шүүрч чадна...>> гэж хэлээд явсан ажээ.
     Тэгээд ч Дампил шулуухан л Баадайг зорьсон юм санж!  Таксигаар сүнхийлгээд ирэхнээ нь ашгүй Баадай өрөөндөө <<морилж>> байв.
     - Паах, манай паадгар! (Дампилыг дунд сургуульд байхад нь ийнхүү нэрлэдэг байжээ) Чи чинь тэнгэрээс буугаад ирэх шиг гэнэтхэн ороод ирдэг мөн сонин хүн юм аа! хэмээн гар алгадан тэвэрч, дуу алдан угтжээ.
     Дампил хөдөөгийн аль л амт шимтэйг тээгээд ирэв үү гэлтэй сайхан үнэр нь хамар сэнгэнүүлсэн уут савтай зүйлийг Баадайд ойртуулж өгөх зуур яаруу сандруу ирсэн хэрэг зорилгоо ярьжээ.

     - Зүйтэй ээ. Миний Паадгар! Найздаа ингээд наашаа шулуухан ирдэг нь зөв! Анжгай нь аргална аа. Харин ний нуугүй хэлэхэд, иймэрхүү асуудлыг чинь Шовгор гуай л гартаа бүрэн атгачихаад байгаа шүү дээ! гэхэд Дампил нэг өндөсхийж,
     - Аа яа яа! Тэр Шовгор гэдэг чинь тийм мундаг мэдэлтэй амьтан уу? гэхэд Баадай алтан саатай зангиагаа засах зуур ихэмсэг нь аргагүй толгой дохиж:
     - Иш тэгэлгүй яах вэ. Гол нь эзэн нь шүү дээ гэв. Дампил сандлаа ойртуулж  Баадайн мөрөн дээр падхийтэл алгадсанаа:
     - Баадай, чи ч дунд сургуульд байхын л аль л хөөрхөн охидыг өөртөө элсүүлчихдэг, ер нь юм юманд овсгоотой монш байв даа. Тэр айхавтар Шовгор гуайгаа аргалчихаж дөнгөх юм байгаа биз дээ!  гэснээ <<Юу гэх бол оо!>> гэсэн янзтай Баадайн ам өөд нь ширтэв.
     - Дампил минь! Чи чинь хал үзэж, хашир суусан эр гэж байх! Шовгор гуайгаа арай таньж ядаад байгаа юм биш биз дээ! гэснээ хи хи хи хэмээн хүйтэн инээв. Дампил хэн нэг таньдаг хүнээ мартчихаж будилж байгаа юм болов уу гэсэн шүү юм бодож нэрэлхэхдээ:
     - Чи муу паадгар Дампилыгаа хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг болохоор нь хэтэрхий басаж байх шив дээ. Эрхэм нөхөр Шовгор гуайгаа гадарлахтайгаа байлгүй яах вэ! хэмээн маш маадгар хэлэв.
     - Тэгнэ ээ, тэгнэ! Манай Паадгар ч хэзээний маш бааштай дамшиг байв даа. Шалгалтанд, ээ дээ та минь! Надад ч мэдэх юм алга байн шүү, түргэн тусламж явуулаарай! гээд л орчихно. Оруутаа л гялалзтал тав авчихаад гараад ирдэг сэн. Одоо ч гэснээ..., хих хих хэмээн инээхчээ аядсанаа:
     - Чиний зорьж ирсэн хэрэг санасанчлан бүтнэ ээ хөө! Чи тэгээд өвөл тийшээ өвгөндөө нэг идэшний юм... гэтэл утас жингэнэн дуугарахад Баадай ухасхийн шүүрч авснаа:
     - Байна аа, би байна! гэснээ царай нь барайгаад суудлаас нь халуун юмаар төөнөсөн юм шиг өндөлзөөд эхлэв. Тэгснээ нүүрэнд нь инээмсэглэл гэрэлтэж:
     - Хам минь! Чи намайгаа бүр айлгаж орхих юм... иш анжгай чинь тэр дайтай юмыг аргалахтайгаа ... Тэгэхдээ энэ асуудлыг Шовгор гуай л гараа авчихаад байна шүү дээ. Харин тийм ээ! Гойд болгоомжилж байхгүй бол осолтой шүү. (Энэ хооронд Дампил Шовгор гэгчтэйгээ эд нар бас түнжингээр тааруу байх нь ээ! хэмээн бодож суув).
     Баадай том цагаан шүдээ яралзуулан байшинг доргитол тас тас инээснээ:
     - Тэгэхдээ Шовгорыгоо хүндэтгэж байхгүй бол заримдаа мөн ч их тус хүргэж байна шүү. Харин тийм!...
     Тэгтэл үүд сэвхийж шоволзсон өндөр цагаан залуу хүүхэн ороод ирэв. Баадай царай гөлсхийж, аманд нь алчуур чихчихсэн юм аятай дэмий ангалзана. <<...За баяртай! Дараа!>> гэснээ утсаа тасалж орхив. <<Манай Баадай ингэж гөлөлзөж байхыг бодоход нөгөө Шовгор гэгч нь энэ хүүхэн мөн байх Нээрээ шовгор нэрэндээ дүйсэн юм шиг шоволзсон сэргэлэн байгууштай хүүхэн байна шүү!>> гэж Дампил бодож амжтал Баадай түүнийг гадагш гаръя! гэж сэмхэн дохив. <<Чи чинь сургуульд байхдаа бүх охиодтой их ходий байдаг сан. Одоо хүүхэн харахаараа дагжтал чичирдэг болоо шив дээ!... >> гэж даажигная гэж бодсоноо:
     - Чи чинь...! гээд нүүр өөд нь хартал Баадайн царай баргар хэвээрээ,
     - Энэ чинь нөгөө юуны гишүүн, тун хэцүү хүүхэн байгаа юм. За тэр яах вэ. Найз нь хэд хоногийн өмнө хүний унаагаар ууланд явж байгаад уулын хярын хадан хясааны орой дээрээс хийсээд ээ!...
     - Паах, тэгээд зүгээр үү? гээд Дампил айсан янзтай асуув. 
     - Зүгээр ээ! Зүгээр ч гэж дээ. Хүний цоо шинэ машины ёстой ээзгий болтол нь эвдчихсэн. Анжгай нь баахан төлбөрт орчихоод тэвдүүхэн л байна. <<Ийм л үед сайн нөхөртөө туслахгүй юм бол>> гэж бодсон Дампил түнтийсэн түрийвчтэй юмаа хүлхийсэн өврөөсөө гаргаж тэвхийсэн боодолтой тавьтуудыг сарвайв. Баадай шүлсээ хүдхийтэл залгиж, онигор нүдээ бүлтийлгээд, буцаагаад өвөртөлчих вий! гэсэн шиг түүнийг шүүрэн авч халаасандаа хийнгээ:
     Манайх хотоос зуун жаран километр хол зусланд байгаа. Өнөөдөр манайх хуралтай, оройтож тарах болоод байна. Чи маргааш арав гуч гэхэд хүрээд ир! Найз нь жин тан болгочихоод байж байя! Хоёулаа энд удаан зогсох осолтой! гэснээ Дампилыг дуугарах завдалгүй эргээд орчихов. 
     Дампил маргааш нь болзсон цагтаа хүрээд ирэхнээ нь Баадай байсангүй. Мөнөөх шоволзсон цагаан хүүхэн буюу Дампилын тааварлаж нэрлэдгээр Шовгор л ганцаараа байж байв. Баадайгаа сураглахнаа нь <<Өчигдөр үдээс хойш өөрийн чинь авчирч өгсөн уут савтай юмыг аваад явсан, өнөөдөр ирээгүй байна...>> гэжээ. 
     <<Ер нь халдаж хар халзандаа гэгчээр энэ Шовгор гуайд л учир явдалаа тоочъё, тус нэмэр болж юу магад>> гэж боджээ. 
     - Манай охин арван жил онц суралцаж алтан медальтай төгсөөд гадаадад суралцах хуваарь авсан юм л даа. Гэтэл охин маань хацар дээрээ хар мэнгэтэй юм. Тэр мэнгэ нь гадаадад удаан сууж суралцах хүнд тохирдоггүй юм гэнэ. Тэгээд тэр гайтай мэнгэнээс болоод хасагдчихаж. Охиныхоо арван жил онц суралцсан урмыг бодоод дотоодоо ч болтугай сургуульд оруулчихъя гэж бодсон юм. Манай Баадай гарцаагүй л тусална гэсэн юмсан. Шовгор гуай та ч гэсэн дэмжиж үзээрэй. Ах нь ач тусыг нь мартахгүй... Гэтэл хүүхний царай нэг хувьсхийж тас тас инээснээ:
     - Та намайг Шовгор гэдэг гэж хэнээс дуулав? гэв. Дампил <<Нээрээ би хэнээс дууллаа даа!>> гэсэн шиг сандал дээрээ займчсанаа:
     - Цаад Баадай чинь... Шовгор л иймэрхүү асуудлыг гартаа авчихаад байгаа гэсэн юм. Тэгээд Шовгор гэж сүрхий мэдлийн хүн байгаа юм байна. Тэр хүн нь өөрийг чинь юм байх л гэж бодсон юм хэмээн үнэнээ хэлжээ. 
     - Иш, Дампил гуай минь! Та Шовгор гэгчийгээ танихгүй л будлиад яваа хүн юм аа даа гэв. 
     - Би уг нь хариулдаг мянган адуугаа нэгдлийн түмэн сүрэг дундаас дааганы ч будлиан гаргахгүй л ялгачихдаг юм сан. Шовгор гуайн хувьд нээрээ л ялихгүй будлиад байна хэмээн ний нуугүй хэлэв. 
     - Та өчигдөр Баадайд хэдэн төгрөг атгуулсан биз дээ? 
     - Иш тэгэлгүй яах вэ дээ. Муу охиныг минь сургуульд оруулж тус болох гэж байгаа хүнд чинь хоёр мянгаадхан юмаар гар цайлгахдаа ах нь тэгж ч хотолзож царай алдаад байхаар хүн биш ээ. Тэр ч байтугай өвөл тийшээ идэшний юм бодох гэж байгаа. 
     - За тэгвэл Дампил гуай минь! Шовгор гэдэг чинь таны сая ярьдаг гар цайлгах гэгчийг л хэлээд байгаа юм. Тэр гар цайлгах гэгч нь хувь хүнд байтугай улс нийгэмд гамшигт тахалтай адил уршиг учруулдаг юм шүү дээ. Баадай найз хүүхнийх нь дүү гэж сургуулиас хоёр удаа хасагдаад байгаа сурлагаар сулхан хүүхдийг гадаадад сургуульд явуулах гэж малчин Дампилын Дариймаа гэдэг охиныг хацар дээрх хар мэнгээр нь өөлж байгаад... гэхэд Дампил итгэж ядсан аятай нүдээ бүлтийлгэн байж: 
         - Яаж гэж? Баадай маань тэгээд охиныг минь сургуулиас хасуулчихлаа гэж үү? Арай ч дээ...
     - Энэ бол гарцаагүй үнэн болох нь бүр ч тодорхой боллоо. Одоо элсэлтийн шалгалт жигдэрчихээд байхад таны хүүхдийг дахин сургуульд оруулахын тулд яах ёстой болж байна? Та ойлгож байгаа биз дээ?.
     - Яана гэж? Бас л маапаан ургуулж байгаад хүний нэг хүүхдийг үү?...
     - Тэгэлгүй яах вэ.
     - Ээ бүү үзэгд! Гар цайлгах гэдэг маань шовгор гэгч болж хувираад, тэр хэцүү нэрт нь тахлаас ч илүү балагтай байх нь ээ. Тахлыг бол яах вэ. Тарилга хийгээд устгачихаж болно. Шовгорыг...
     - Шовгорыг уу? Оношийг нь олоодохвол ч часхийсэн тарилга бий юм шүү хэмээн бүсгүй сэтгэл хангалуун хэлэхэд Дампил,
     - Ёо, ёо дотор бачуураад байснаа яльгүй онгойлоо! Амнаас шорвог гашуун юм амтагдаад ч байх шиг... Танай энэ өрөө яасан ч бөгчим хайрхан бэ! Гадагшаа цэвэр агаарт гаръя гэсээр үүд чиглэн зүтгэв. 
     - Зүгээр, зүгээр! Дампил гуай! Би одоохон салхивчаа нээгээд дахиад бөгчимдөхгүй болтол цэвэр агаар оруулчихъя. Та тайвшир гэв.


1982 он.
Б.Ваанчиг "Сайхан зун" номноос

2 comments:

  1. Ямар зэвүүн Баадай вэ, алгадмаар боллооо

    ReplyDelete
  2. Монгол Баадайчуудаар хөгжчихөөд алхах гишгих газаргүй болчихсон гэж боддог шдэ. Уулын мод урттай богинотой, улс олонд сайнтай муутай гэдэг шиг сайн нь байгаа ч Баадай нь илүү олон байгаа даа. Оночийг нь олоод тарилгаа хийлгээд явуул ч...

    ReplyDelete