Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Monday, October 22, 2012

"Хоргодохын шүлэг"


Бавуугийн Лхагвасүрэн
Ухаантай байхаас
Тэнэг нь илүү эрх чөлөөтэй
Үнэн байхаас
Худлаа нь илүү үнэтэй
Байгаа бүх юмс
Байраа сольчихсон мэтэд...
Бадаг зүүд шиг
Бүдэг заяа тэмтрэхэд
Урт бодол агшиж
Уйдах юм шиг санагдавч
Өглөөг чөрхлөн авчрах үүрийн туяаг санаж
Өөдлөх уруудахын хорвоод би
Өөрийн эрхгүй хоргодно



Ариун тунгалагаас
Бузар булай нь илүү тод өнгөтэй
Амьд явахаас
Үхэх нь илүү амар амгалан
Буй байгаа юмс
Бууриа сэлгэчихсэн мэтэд...
Мунхаг гашуун бодол
Муруй замаар шогшиход
Уужим санаа огшиж
Уйдах ч юм шиг бодогдовч
Уйлж хоносон тэнгэр өглөө цэлмэдгийг санаж
Уур инээдийн хорвоод
Улам бүр хоргодно

Өөдтэй гэдэг бүхэн
Уруугийн сүүдэрт хиртэж
Өс атаа мөсгүй сэтгэл
Үхэгсдийн элгэн дээр бүжиглэж
Толгой бөгс хоёрын
Тогтолцоо солигдсон мэтэд...
Цухал сэтгэлийн будан
Цусанд булингар унагахад
Ухаан санаа мунхарч
Уйдах ч юм шиг элийрэвч
Сарны наагуур нүүсэн үүлс халхалж биш арчиж өнгөрдгийг санаж
Сайнтай муутай хорвоод би үхэн хатан хоргодно

Эх сурвалж: Бадка

No comments:

Post a Comment