Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Tuesday, June 24, 2014

Үндсэрхэг үзэлтэй, эх орноо гэсэн хүн бүрт

За тэхлээр би 2009 онд Ж.Пүрэвийн "Хүн чулууны нулимс" гэдэг роман уншиж байсан юм. Уг роман нь 2002 онд бүтээгдсэн юм байгаан. Тэр роман дээр өнөөгийн Монголын нөхцөл байдлыг эг маггүй тусгасан байгаа. Хүн бүр сэтгэл гарган унших ёстой юм байгаан. Хүмүүст хүргэх талаар тодорхой алхамуудыг чадах ядахаараа хийх болно. Уг романы зарим хэсгээс оруулъя.



Уг нь Хятад улс өөрийнхөө нутаг дэвсгэрийг Манж Чин улсаас яаж өвлөн хүлээж авсан бэ, яг тэр ёсоор нь хадгалан байх ёстой гэнэ. Энэ журам зөрчигдөн гадаад монгол салан тасарч гарсан. Түүнийг бид урьд байсан ёсоор нь эргүүлэн тогтоож авах учиртай. Монголчууд тэгэх дургүй, тэндээ жалга сахин дур зоргоороо байх эрмэлзэлтэй байдаг. Энэ бол тэнгэрээс бид бүхэнд заяасан эрхэм дээд ёсыг үл ойшоон, хятад, монгол аль ч хүнд маш их балаг тарин, ах дүү ёсны харилцааг алдагдуулж байна. Тэр бас аль ч талд оршиж байгаа олон хүний амьдрал, сэтгэл санааг булай муухайгаар бузарлаж байгаа хэрэг. Энэ булай явдлыг бид арилгах үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр Монгол газрыг их Хятадын газрын зурагт тэнгэрийн таалал ёсоор дахин оруулах хэрэгтэй байна. Та нар газрын зураг хардаг биз дээ. Зураг дээр бүхэл бүтэн Хятад улсын нутаг умард талаасаа цөм татуулсан юм шиг байдалтай хонхорхой харагдаж байгаа. Хүний нүд юмыг андахгүй мэддэг. Тэр сөөл гажуу байдлыг бид засаж, тэгш журманд нь оруулах ёстой биз дээ. Монголын зарим нь тэгэх дургүй юм бол бид хүнийг нь орхиод газрыг нь нааш нийлүүлж авах ёстой болоод байна. Тэнд жожигорч байгаа монголчууд уг нь өөрсдөө бие даан амьдрах чадваргүй гэх үү, хэдэн малынхаа махыг зулгааж байхаас өөр юу ч хийж чадахгүй, ямар ч гоё сайхан юм эдлэж, өмсөж чадахгүй болоод, бүр арчаагаа алдахаар арга буюу өөрсдөө наашаа гар сарвайн гуйж ирэх учиртай. 
Гэтэл тэдэнд Япон, Орос, Герман улс элдвээр жаахан жаахан туслаад амь торгох боломж олгоод байгаа. Одоогийн манай Хятадын засгийн газар ч нэрэлхээд, бас олон улсын харилцааны байдалд автаад Монголыг тусгай улс юм шиг үзэн, элдэв дээдийн юмаар туслаад болохгүй байна. Тэгэхээр бид түүнээс нь өөр аргаар Монгол газрыг нааш нь нэгтгэн авч болно. Тэр аргыг л та бид хийх учиртай байгаа гэж Ли овогт удаан ярьж байлаа. Түүний энэ бодлыг Ван овогтонгууд дэмжиж байгаагаа илэрхийлэн яриан дунд ганц нэгээрээ баяссан царай гарган алга таших, “Зөв” гэж дуу алдах, “Ай сайхан” гэсэн үг шидэж, цай уун, тамхи баагиулж сууцгаав. Ли овогт түүнд дуртай байлаа.
Тэгвэл бид одоо чухам тодорхой юу хийх ёстой вэ гэсэн асуулт аяндаа гарлаа.
Ай, энэ их чухал асуудал, бидний ярилцах гол зүйл энэ мөн гэж Ли овогт тэмдэглээд, зохих зүйлүүдийг зааварлаж гарав.
Тухайлбал, өдгөө Хятадын зүгээс Монголтой харилцаж байгаа бүх харилцаанд Ар газар бол манай нутгийн салшгүй хэсэг мөн гэсэн санааг шингээсэн байх учиртай. Улс төр, худалдаа, соёл, жуулчлал, хувийн чанартай бүх харилцааны агуулга нь Монгол бол ирээдүйд их Хятад улстай нэгдсэн бодлоготой байна гэдгийг баримталж байвал зохино. Үүнийг удирдлагын гол чиглэл болгох ёстой. Нэг жишээ хэлэхэд, Монгол газар дээр хөрөнгө оруулалтын журмаар нэг үйлдвэр барилаа гэхэд ирээдүйд түүнийг хятад хүн эзэмшин ажиллах болно гэдгийг л эхнээсээ бодож хийх ёстой байгаа. Энэ мэтчилэнгээр Монголд хийх бидний ажил маш олон арга хэлбэртэй байх нь зүй. Тэр олон арга ухаантай ажлаас ганц нэгийг хэлэхэд, юуны өмнө монголчуудын дотоодын эв нэгдлийг бутаргаж хүмүүс нь цаг үргэлжид хоорондоо эвдрэлцэн бие биенээ муучилж, нэг нь нөгөөгөөсөө илүү эрх эдлэн бусдыгаа дарангуйлж байх гэсэн санаа бүхий тэмцэл явуулж байхаар бид өдөөн хатгалга хийж байх ёстой шүү. Ингэснээр тэдний хүч улам задарна. Энэ бол Хятадаас Монголын дотор явуулж ирсэн манай уламжлалт бодлого. Хятадын энэ бодлогыг Манжийн хаан зээлдэн авч Монголын ноёдын хооронд яс хаях, нэгд нь илүү хэргэм зэрэг эдлүүлэн, нөгөөгийнх нь атаа хорслыг бадрааж хямралдуулах бодлого баримталж ирсэн. Бас тэдний нэгдсэн зохион байгуулалтыг нь эвдэн, шинэ аймаг, шинэ хотуудыг бий болгон бутаргаж ирсэн. Үүний үр дүнд Монголын эрх бүхий том ноёд нь бие биенээ багалзуурдан тэмцэлдэж, гадагшаа тэмцэлдэх ямар ч хүч байхгүй болоод Манжийн хааны атганд бүр базагдаж байсан. Энэ бол их сургамжтай үнэн түүх.

Ж.Пүрэв "Хүн чулууны нулимс" роман 
Дөрөвдүгээр бүлэг
Бээжин дайллага-зааварчилгаа хэсгээс

No comments:

Post a Comment