Blogger Widgets
Тунгаан бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд нь дугар. (Р.Чойном)

Search This Blog

Saturday, November 10, 2012

Гачлан....

Зиак өнөөдөр ч мөнгөний эрэл хайгуулд гараад цаадах чинь сүйд болох шахав :P
Ажил хийвэл ам тосдоно, сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэгчлэн тодорхой хэмжээнд ажил хийж найз нөхдийн хүрээлэл үүссэнийх үү төдийлөн хүндрэлгүй хэдэн утас цохиол зохицуулж орхилоо. 
Амьд амьтан болсон хойно бүх хүнд л асуудал, бэрхэшээлүүд тулгарч байдаг шүү дээ. Гэхдээ түүнийг хэрхэн яаж даван туулж байгаа нь тухайн хувь хүнийг илэрхийлэх болов уу гэж бодож суулаа. Хаана ямар газар бодож суусан гэхээр төв шуудангийн баруун талд найзыгаа хүлээнгээ төв замын хажуугийн нэг уулзварт нь машинтайгаа зогсож байсийн. 
Гудамжинд цастай, хальтиргаа гулгаа ч гэж бас багагүй байлаа. Миний урдуур "модны тайрдас баруун гартаа хазгайдуухан тулчихсан, зүүн гартаа үрчийж хорчийсон цагаан гялгар уутанд хэд гурван ундааны сав, лааз хийгээд хөл нь бэртэлтэй болов уу гэж харагдамаар ядарсан ах хөлөө чирэн ойрхон ойрхон гишгисээр замын хашлагыг арай ядан даваад явган хүний замын хажууд байсан хогийн савнаас нэг ундааны сав олоод түр зогссийн". 
Энэ хооронд би "хүнд хэцүү  амьдрал үзүүлээгүй, эрүүл саруул өсгөсөн эжий аавдаа баярлах зуураа энэ хүнд давж туулхад бэрх ямар зүйл тохиолдсон бол, юуны учир ийм амьдралаар өдөр хоногийг өнгөрөөх шийтгэл ноогдсон бол" гэж өөрийн эрхгүй бодлоо. 

Мань хүн олсон саваа уутруугаа хийх гэснээ дотор нь юм байсныг мэдээд сэгсэрээд амруугаа хийхээр оролдож байлаа. Саван доторхи зүйлс нь хөлдүү байсан болохоор амруугаа хийхийн тулд сэгсэрч сэгсэрч тонгойлгоно. Өнөөх нь ч гарахгүй, мань хүн ч хичээнгүйлэн сэгсэрч байлаа. Энэ хооронд дэргэдүүр нь өнгөрөх хүмүүс түүнийг харж, анзаарч байсан ч мань хүн дэргэдүүр нь өнгөрөх хэнийг ч үл анзааран саван доторхитойгоо ноцолдсоор байлаа. Энэ хооронд би түүнийг ажиглах зуураа хоёр ч хүнтэй утсаар яриад авлаа. Гэхдээ яагаад ч юм нүдээ түүнээс салгаж чадсангүй. Мань хүн арав шахам минут лав ноцолдсон боловч үргэлжлүүлэн сэгсэрсээр байсан нь надад нилээн хэцүү санагдлаа. Машины паар халуун байсан тул цонхоо хагас онгойлгож суусан надад гадаа хүйтэнд ундааны савнаас үлдэгдэлийг нь амруугаа хийх гэж оролдох тэр хүнийг хараад маш хүнд мэдрэмж төрөөд байв. 
Арга ядаад сигналаа дугаргаад мань хүнийг дуудах гэж нэг дарав. Анзаарах сөхөө алга аа....
Ахиад нилээн чанга дарсанд харин намайг анзаарч харсийн. Гараараа даллаад дуудлаа. Мань хүн ч бээцэгнээд хүрээд ирлээ. Явж ядаж байхад нь өөрөө оччихгүй даллаж дуудсандаа бас жоохон санаа зовсон. Хүрээд ирэхлээр нь машины урд байсан задгай мөнгөнүүдээс эмхэтгэж нийлүүлж байгаад хоёр мянга болгоод мань хүнд өглөө. Баруун гартаа байсан тулж явсан модоо машин түшүүлж тавьчихаад зүүн гартаа байсан тортой савнууддаа бага зэрэг түүртсэн ч хоёр гарын алгаа дээш харуулж авахаа мартсангүй. 
"Аяга халуун цай аваад уучихаарай ахаа" гэж араас нь бас хэллээ. Мань хүний гар цэл хүйтэн, бас нэг гарых нь хоёр хурууных нь хумс унаад эдгэсэн болов уу гэлтэй сөрийж ургасан байсныг анзаарлаа. Бас нэг зүйл гэвэл тэр ах Баярлалаа гэж хэлэхдээ хоолой нь зангираад нулимс нь цийлэгнэж байсан. Магадгүй сүүлийн үед тэр хүнд наашаа гэж гар сунгасан хүн цөөхөн байсны шинж биз. Ойр хавьд цай уучихаар газар юу билээ гэж нэг бодоод "дөчин мянгатын тэрүүгээр цайны газар байгаа байх" гэж хэлсний дараа мань хүн эргээд цааш яваад өглөө. 
Энэ хүнд аяга халуун цай авъя гээд мөнгөө сарвайхад май гээд аваад өгөх газар тэр хавиар байгаа гэдэгт бас л эргэлзээд үлдлээ. Уул нь 40 мянгатад миний нэг мэдэх хоолны газар байсан ч тийшээ очоод цайг нь аваад өгөх боломж нь яг тэр үед байсангүй. Өнөө ахыг цаашаа явж байгааг харж суутал найз маань ч хүрээд ирлээ. Уулзаж ажлаа бүтээчихээд мань хүний явсан зүгт хөдөлсөн боловч харагдсангүй. 
Ингээд би өөрийн ажлаа амжуулчихаад гэртээ орж ирээд сууж байна. 
Сая харин орон гэргүй иргэд гээд нэт-с хайтал онц бичлэг алга. www.mminfo.mn сайт дээр харин орон гэргүй иргэд хорооны засаг даргадаа хүсэлтээ гаргаж болно гэнээ. Энд ямар ч мэдээлэл болчих юм алга. Ядаж нэгэнт мэдээлэл оруулж байгаа бол арга зам, боломжуудыг нь дурдсан олигтой юм бичихгүй!!! ийм сайтууд байхгүй байсан нь дээр юм байна. Адаглаад "энэ хэцүү нэртэй хүмүүс хорооны засаг даргадаа хүсэлт гаргахдаа гэр авах, түр суух байраар хангуулах, ажил хийх, түлээ түлш авах гэх мэт тусламж дэмжлэгийг авч болно, тэгэхдээ ийм юм бүрдүүлэх ёстой, бас тийм хугацаанд ийм юм хийх ёстой, энэ асуудлаа тэд хоногийн дотор шийдүүлэх боломжтой" гэдэг мэдээг оруулж өгсөн бол өөрсдөө олоод уншчихаж чадахгүй ч гэсэн тэдэнд тус дэм болох гэсэн хүмүүст мэдээлэл нь тодорхой оччих юм даа. 
Та тийшээ очоод тэрэнтэй уулзаад ийм дэмжлэг авч болно шдэ. Харин та бусдын сайн сайхны төлөө тийм юм хийх ёстой шүү гээд зүгээр л хэлчихэд өвлийн хүйтэнд ядарч яваа энэ мэт хүмүүст хичнээн их буян болох бол....
Аяаа гачлантай хорвоо гэж........

4 comments:

  1. Хөөрхий дөө. Орон гэргүй хүмүүсийг байлгадаг, бүртгэдэг, хооллодог, хаяг тогтоодог гээд бүх төрлийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг газар Сонгинохайрхан дүүргийн халамжийн төвийг түшиглээд билүү байрладаг санагдаад байна. Нийслэлийн Засаг Даргын шууд харъяанд байдаг төрийн албны газар байгаа. Их сонин нэртэй газар байдаг юмаа интернетээр хайгаад гарч ирдэггүй газар шүү, үнэн.

    ReplyDelete
  2. Хэрэгг алга аа нээрээ. Энэ нөхдүүд сонгууль болохлээр л ажилд ороод байхийн. Энийг далимдуулаад энэ хүмүүст зориулсан газар ч юм уу зохицуулаад өгчихдөг ачтай амьтан гарч ирэхгүй л юм байх даа.

    ReplyDelete
  3. за чи их л саыхан сэтгэлтэй хүн юм аргагүй дээ төрсөн ганц хүүгээ хаяаад хоёр дагавар хүүхдийн эцэг болоод амьдарч байгаа хүн сайхан сэтгэлтэй байхаас ч яахав. Ядарсан хүнд цайны мөнгө өгч чадаж байгаа бол хүүдээ ганц талхны мөнгө өгч чаддаг болуу бас л бодох л асуудал ярьж байгаа шигээ хийдэг бол тээ уг нь.Ямартай ч үнэхээр өгсөн л бол баярлаж л байна

    ReplyDelete
  4. Надад энд худлаа зүйл бичиж өөрийгөө рекламдах сонирхол алга. Энэ бол миний амьдралыг надад сануулж байх хуудаснууд.
    Хийсэн хэргийнхээ үрийг хураах нь гарцаагүй гэж боддог болохоор эцсийн цэг дээр л эргэж харъя. Зөв хүн зөв амьдралыг төлөө явж байгаа гэдэг л ганц бодолтой. Сайн муу, буруу зөв сонголт хийж аль жимээр явахаа өөрөө шийдсэн. Үүсэх хариуцлагаач үүрнэ. Бас ухамсарлаж ч байгаа. Тохиолдол хэзээ ч тохиолдлоор байдаггүй гэдэгт би итгэдэг...

    ReplyDelete